Яагаад Солонгосын одууд амиа хорлов?

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

Яагаад Солонгосын одууд амиа хорлов?

Амиа хорлож нас барсан Өмнөд Солонгосын одуудын нэрсийн жагсаалт улам бүр урт болж байна. Lee Eun-ju, U;Nee, Jeong Da-bin, Ahn Jae-hwan, Choi Jin-sil, Choi Jin-young нарын хойноос одоо Park Yong-ha нэмэгдэж бичигдлээ. Хэрвээ олонд төдийлөн танигдаагүй бусад жүжигчдийг хамруулах юм бол энэ жагсаалт бүр урт болох болно гэж Өмнөд Солонгосын “Чосун Илбо” сонинд бичжээ. Хэдийгээр яг нарийн харьцуулах статистик байхгүй хэдий ч АНУ, Европ, Японы одуудтай харьцуулбал Солонгосын одууд, жүжигчид илүү амиа хорлох хандлагатай байж болзошгүй байна. Солонгосын жүжигчид хилийн чанад дахь жүжигчдийн нэгэн адил дарамт, ачаалал үүрдэг хэдий ч чухам юу тэднийг илүү амиа хорлоход хүргэж байна вэ?

Амиа хорлолтын дэлхийн нийслэл
Өмнөд Солонгос амиа егүүтгэгсдийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог. 100,000 хүнд ноогдох амиа хорлолтын тоо Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн хөгжилтэй орнуудад дунджаар 11.1 байгаа бол энэ тоо Өмнөд Солонгост 21.5 байна. Алдартай хүмүүсийн амиа хорлож байгаа үзэгдлийг судалснаар яагаад Солонгосчууд амиа хорлох хандлагатай байдгийг тодруулж болох юм гэж зарим судлаачид ярьж байна.

“Солонгосчууд бусдад хэрхэн ойлгогдож, үнэлэгдэж, хүлээн авагдаж байна гэдгээр өөрсдийгөө тодорхойлох хандлагатай байдаг. Тиймээс бусдад сайн сайхан, хамгийн шилдэг байдлаа харуулж чадахаа болихоор тэд эрс хатуу сонголт хийдэг байж магадгүй. Энэ байдал амжилт нь нэр хүндтэй, алдартай байдлаас шалтгаалдаг Солонгосын жүжигчдийн дунд бүр ч хүчтэй байдаг”  гэж Йонсей Их сургуулийн сэтгэл судлаач Hwang Sang-min ярьж байна.

Сэтгэл зүйн хөтөлбөрүүд
“Гурван жилийн өмнө манай агентлагтай гэрээ байгуулсан нэг дуучин өөрийнх нь талаар интернетэд элдэв зүйл бичигдсэнээс болоод сэтгэлзүйн хямралд орж, гэрээсээ гарахаас татгалзаж, сэтгэл зүйчид үзүүл гэхэд улам бүр доог тохууны бай болно гэж үзүүлэхээс татгалзаж байсан юм” гэж Солонгосын урлагийн нэгэн агентлагийн гүйцэтгэх захирал ярьж байв. Энгийн Солонгос иргэд сэтгэл зүйчид хандах нь улам ихсэж байгаа бол алдартнуудын хувьд энэ нь байж боломгүй зүйл гэх хандлага байдаг.

АНУ, Японы урлагийн том агентлагууд өөрсдийн жүжигчиддээ сэтгэл зүйн зөвлөгөө өгүүлж, байнга үйлчилгээ үзүүлдэг. Амьдралынх нь хором тутам интернетэд бичигдэж байдаг алдартнуудын хувьд сэтгэл зүйн дарамт ачаалал бүр их байдаг. Өмнөд Солонгост интернетийн хөгжил өндөр төвшинд хүрсэн нь Солонгосын одуудад их ачаалал, дарамт болдог. “Нөхцөл байдал өөрчлөгдчихөөд байхад авъяастны агентлагууд аль 1990-ээд оны үеийнх шигээ л ажиллаж, эргэн тойрноосоо хоцрогдоод байна” гэж “Music Farm” агентлагийн захирал Kang Tae-kyu ярьж байна.

Дуураймал амиа хорлолтууд
Алдартнууд амиа хорлож байгаа нь бие биенээ дуурайж байгаатай холбоотой гэж зарим судлаач үзэж байна. 2005 онд жүжигчин Lee Eun-ju амиа хорлосны дараа шоу-бизнесийнхэн дундах амиа хорлолт илүү нэмэгдсэн гэж зарим хүн үздэг. Түүнчлэн алдартай хүн амиа хорлох нь энгийн хүмүүсийн дунд амиа хорлох хандлагыг нэмэгдүүлдэг, тиймээс алдартнуудын амиа хорлолт илүү их үр дагавартай байдаг гэж зарим нь үзэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж