Д.Амартүвшин алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин алтан медаль хүртлээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ өдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо. Манай жүдочдоос нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Амартүвшин алтан медалийн төлөө Узбекстаны бөх Д.Урозбоевтай барилдаж, 1 минут 19 секундэд цэвэр ялж, алтан медаль хүртлээ. Тэрээр хэсгийн барилдаанаас эхлэн тэмцээнийг зохион байгуулагч орны гурван бөхийг дараалан ялж, нутгийн хөгжөөн дэмжигчдийг гонсойлголоо. Д.Амартүвшин өнгөрсөн долоо хоногт Казахстаны Астанад болсон Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол Ташкентын Гранприд дахин финалд шалгарч алтан медаль хүртээд байна.

Мөн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Алтансүх Узбекстаны бөх Ришов Собировтой алтан медаль төлөө барилдаж, ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан ОУХМ А.Цолмон Румыны бөх Читу Андреед торгуулиар ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн Узбекстаны бөх Лютфиллаев Шарафуддинг, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг Италийн Москат Валентинаг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медаль хүртлээ. Г.Отгонцэцэг Астанагийн Гранпригээс манай тамирчдын ганц алтан медалийг авсан юм.

Ийнхүү Ташкентын Гранпри тэмцээний эхний өдөр манай жүдочид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж