И.Отгонбаяр: Бид хууль, дүрэмгүй явсны хар гай энэ

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

И.Отгонбаяр: Бид хууль, дүрэмгүй явсны хар гай энэ

Өнөөдөр өглөө Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд хэвлэлийн бага хурал хийхээр холбооныхоо байранд очсон ч дотогш оруулаагүй. Тэд Хөлбөмбөгийн холбооны гадна хурлаа хийж,  гарын үсгээ цуглуулж, удирдах зөвлөлөө хуралдуулахаар хичээж байгаа билээ. Тэгвэл хурлын үеэр “Дэрэн” клубын дасгалжуулагч, Монголын Хөлбөмбөгийн холбооны техникийн захирал И.Отгонбаяртай цөөн хором ярилцлсан юм.

-Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдтой холбоотой асуудал олны анхаарлыг татаж эхэллээ. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч?

-Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч таван жилийн хугацаатай эрхээ хасуулж байна гэдэг бол гутамшигтай хэрэг. Гэхдээ Монголын хөлбөмбөгийн эрхийг цуцлаагүй. Зөвхөн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч гээд заагаад өгчихсөн. Цаанаа шийдвэр нь гарчихсан учраас бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байж болохгүй. Өнөөдрийн уулзалт цуглааны гол зорилго бол бид энэ хүний хажуугаар Монголынхоо хөлбөмбөгийг яаж цэвэр авч үлдэх вэ гэдэг асуудал.

Энэ хүн цаашаа ажиллахгүй нь ойлгомжтой. Олон улсад болоод үндэсний хэмжээнд таван жилийн хугацаанд хөлбөмбөгийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг нь хорьчихлоо шүү дээ. Цаашид бид Монгол Улсынхаа хууль, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмийн дагуу явах ёстой. Хууль, дүрмийг зөрчиж болохгүй. Бид өдий болтол хуульгүй, дүрэмгүй явсны хар гай энэ. Тэгэхээр дүрмээ биелүүлэх ёстой. Цаашлаад ээлжит юм уу ээлжит бус хурлаа хийе. Тэгээд даргаа сонгочих учиртай.

-Дараагийн Ерөнхийлөгч сонгогдоход ямар нэг байдлаар хориг саад тавигдахгүй биз дээ?

-Дорж байна уу, Бат байна уу хамаагүй, Монгол Улсад албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хүний нэрийг Олон улсын хөлбөмбөгийн холбоонд явуулах ёстой.  Тэр хүнд хориг саад тавихгүй. Эрх цуцалсан асуудал бол зөвхөн Б.Ганболд гэдэг хүнтэй л холбоотой шүү дээ. 

Ерөнхийлөгч гэдэг бол  Мөн Монголын хөлбөмбөгийн үйл ажиллагааг цаашид удирдаж явах үүрэгтэй хүн. Үндсэн техникийн болон хөлбөмбөгийн үйл ажиллагааг Олон улсад Ерөнхий нарийн бичгийн дарга гарын үсгээ зурж авч явдаг. Ерөнхийлөгч бол бэлгэ тэмдэгийн л хүн шүү дээ. Энэ үйл ажиллагаа, дүрэм өнөөдөр хаашаа явчихаад байгааг хэн ч мэдэхгүй байна. Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмийг уншиж үзлээ, зөрчсөн. Монголынхоо Хөлбөмбөгийн холбооны дүрмийг үзлээ, зөрчсөн. ТББ-ынхаа ч дүрмийг зөрчихсөн байна.

Энэ бүхнийг бид цэцглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний үр хүүхэд цаашид хөгжих,  олон улсад гарах гарцгүй болно. Тийм болохоор нэг л дүрмээр тоглож цаашаа явах ёстой болчихоод байна. Бид Монголын Хөлбөмбөгийн холбооны дөрөвдүгээр их хурлаа хийх ёстой. Энэ хурлаар асуудлаа хэлэлцэх байсан. Гэтэл хурлын өмнө ийм харамсалтай үйл явдал болчихлоо. Тиймээс бид оноос өмнө хурлаа хийж, хуулийн хүрээнд асуудлаа шийднэ.

-Холбооны дөрөвдүгээр чуулган болдгоороо болох уу?

-Болох ёстой. Шинэ Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийн нэр тодорсон. Дүрэм ёсоор 45 хоногийн өмнө нэр дэвшигчид тодорсон байгаа. Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч байсан Б.Мэдрээ гуай, Улаанбаатар хотын ИХТ-ийн гишүүн Ц.Ганхүү, Бизнесмэн Лхагдорж, “2050” ТББ-ын тэргүүн Б.Амарсайхан гээд хүмүүс нэрээ дэвшүүлсэн.

Энэ бол зөв үзэгдэл шүү. Нэр дэвшээд, хөлбөмбөгчид сонгох ёстой. Хуучин бол сонголт гэж байдаггүй байсан. Одоо бид ардчиллын зарчим руугаа орох ёстой. Хөлбөмбөгчид сонголтоо хийгээд, хэнийгээ гаргахаа шийддэг байх хэрэгтэй. Хөлбөмбөгийн холбооны гол, хүчин төгөлдөр байгаа дүрэм нь ардчиллын зарчмаар сонгож, далд санал хураалт явуулах. Гэтэл Монголын Хөлбөмбөгийн холбоо энэ дүрмийг зөрчиж, дандаа ил санал хураалт явуулдаг. 

-Д.Ганболд Ерөнхийлөгчтэй өөртэй нь ярилцсан уу?

-Өнөөдөр ганц хоёр хүнийг нааш, цааш нь болгох асуудал биш. Хөлбөмбөгөө яах вэ л гэдгийг асуух гээд ирэхээр бүх зүйл хаалттай, цоожтой байна. Үүнд бид харамсаж байгаа. Энэ чинь олон нийтэд үйлчилдэг, хөлбөмбөгчдийн орж гарч байдаг газар байх ёстой биз дээ. Гэтэл Хөлбөмбөгийн холбоо, талбай нь цоожтой байна. Хүүхдүүд сурын талбай дээр хөлбөмбөг тоглоод л байж байх жишээтэй. Өнөөдөр Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хүүхдүүдийг тоглуулаарай гээд талбай бариад өгсөн. Үйл ажиллагаагаа явуул гээд байрыг нь барьж өгсөн. Гэтэл бүгдийг нь хаачихсан байна. Энэ бол нэг хүний зүйл биш гэдгийг ард түмэн ойлгоосой билээ. 


Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж