АСЕМ-ийн уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

АСЕМ-ийн уулзалт эхэллээ

Ази-Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/  Италийн Милан хотноо өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Германы канцлер Ангела Меркель зэрэг 50 гаруй орны төрийн тэргүүн, сайд нар чуулганд оролцож байна.

Ази-Европын уулзалт олон улсын байгууллага нь 53 орныг эгнээндээ нэгтгээд буй бөгөөд дэлхийн худалдааны  2/3 буюу дэлхийн нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг худалдаалдаг аж. Тодруулбал, Европын холбооны 27 улс, Европын 2 орон, Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны гишүүн 10 орон болон Европын комисс, АСЕМ-ийн нарийн бичгийн дарга нарын газар багтдаг байна.

Дээд түвшний уулзалт нь хоёр жил тутам болдог бөгөөд АСЕМ-ийн үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлдог юм. Монгол Улсын хувьд 2008 онд Бээжин хотноо болсон уулзалтаас оролцож эхэлсэн бөгөөд нэр хүнд байр суурийн хувьд тун өндрөөр үнэлэгдэж байгаа аж.

2008, 2010, 2012 онуудад болсон АСЕМ-ийн дээд түвшний уулзалтуудад Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд 9 дэхь удаагийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эдийн засаг, санхүүгийн асуудлууд”, “Дэлхий дахиныг хамарсан асуудлууд”, “Нийгэм соёлын хамтын ажиллагаа”, “Бүс нутгийн асуудлууд”, “АСЕМ-ийн цаашдын хөгжлийн чиг хандлага” зэрэг хэлэлцүүлэгт оролцож өөрийн улс орны байр суурийг илэрхийлж үг хэлсэн нь манай улсын идэвхитэй оролцоог харуулсан, АСЕМ-ийн хүрээнд бусад түнштэй хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон чухал алхмууд болсон аж.

2016 онд уг уулзалтыг зохион байгуулагч орон хэн байх вэ гэх асуултын хариу анхаарал татаж буй бөгөөд уг нэр дэвшээд буй орнуудаас Монгол Улс хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа, хичээл зүтгэл, нэр хүндээрээ сонгогдох магадлал тун өндөр байгаа аж. Ийнхүү энгийн оролцогч биш идэвхитэй орон, нөлөөлөл ихтэй улс болсон нь энэ уулзалтын үеэр харагдаж буй бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Германы канцлер Ангела Меркель, Францийн Ерөнхийлөгч Франсуа Олланд нарын тэргүүнүүд уулзахаар товлосон байна.

"АСЕМ-2016"-ийн даргалагч буюу зохион байгуулагч орон болох саналаа хүргүүлснийг Азийн бүлэг дээр дэмжсэн бөгөөд үүнийг маргааш нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм.

АСЕМ-ийн үйл ажиллагаа хоёр тивийн орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарт явагддаг бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын салбарыг хамтын ажиллагааны тулгуур гэж үздэг байна.

Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж