Осака хотод “Намрын баяр 2014” боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Осака хотод “Намрын баяр 2014” боллоо

Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий Консулын газар Монгол соёлыг дэлгэрүүлэн таниулах зорилго бүхий “НАМРЫН БАЯР 2014” арга хэмжээг 10 дугаар сарын 13-ны өдөр Осака хотын Үндэсний угсаатан зүй судлалын музейд зохион байгууллаа.

Хоёр дахь удаагаа зохиогдож буй тус арга хэмжээнд эх орон, элгэн нутгаасаа алсад суугаа нутаг нэгтнүүдээ монголоороо бахархах, монгол хэл соёлоо дээдлэх, үндэсний зан заншил, өв ёсыг уламжилж, өвлүүлэн үлдээх зорилготой юм.

“НАМРЫН БАЯР 2014” арга хэмжээнд Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан “Үүлэн хээтэй салхи” бүрэн хэмжээний концерт тоглов. Тоглолтод ардын урлагийн “Домог”, “Хөсөгтөн”, поп-опера “Увертюра” хамтлаг, уртын дууч Ж.Энхбаатар, уран нугараач Ж.Нямгэрэл нарын шилдэг мастеруудын үзүүлбэр орсон байв.

Арга хэмжээний үеэр Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Япон хэлний нэвтрүүлгийн редакцийн хамт олон Япон дахь сонсогчидтойгоо уулзалт хийлээ. Монголын радио япон хэлний нэвтрүүлэг явуулж эхэлсний 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус радиогийн япон хэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг уран бүтээлчид тус улсыг зорин ирж, сонсогчидтой уулзалт хийсэн нь энэхүү арга хэмжээний  нэгэн онцлог байж чадлаа.

“НАМРЫН БАЯР 2014” арга хэмжээний үеэр Кансайн бүс нутагт ойртон ирсэн хар салхины улмаас төлөвлөсөн зарим арга хэмжээ цуцлагдсан боловч  Монголчууд өргөнөөр оролцсон болно.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж