Гурван бөх алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Гурван бөх алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа

-Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон нар алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна.-

Узбекстаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өнөөдөр эхэллээ. Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдөж байна. "Ташкент Гранпри-2014" тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн бөх оролцож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Тэгвэл дөнгөж сая хэсгийн барилдаанууд дуусч, манайхаас гурван бөх финалд үлдсэн бол хоёр жүдоч хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар барилдсан. Д.Амартүвшин аваргын төлөө Узбекстаны бөх Урозбоев Диёорбектэй барилдана. Мөн Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө мөн Узбекстаны бөх Лютфиллаев Шарафуддинтай барилдахаар боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Астанад болсон Гранпри тэмцээнээс ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн бол Ташкентын Гранприд дахин финалд шалгарлаа.

Харин 66 кг-ын жинд ОУХМ Д.Алтансүх, ОУХМ Б.Батгэрэл нар зодоглосон. Б.Батгэрэл хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнийг өндөрлөсөн бол Д.Алтансүх финалд үлдээд байна. Манай бөх алтан медалийн төлөө Узбекстаны бөх Собиров Ришодтай барилдана.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглож байгаа Г.Отгонцэцэг хүрэл медалийн төлөө Италийн Москат Валентинатай барилдахаар боллоо. Тэрээр Астанагийн Гранпригээс манай тамирчдын ганц алтан медалийг авсан юм.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон, Гавьяат тамирчин М.Бундмаа нар барилдаж байна. МУГТ М.Бундмаа хоёрдугаар тойрогт Германы бөхөд ялагдаж, тэмцээний дуусгалаа. Харин А.Цолмон учраа бөхчүүдээ ялснаар, алтан медалийн төлөө Румыны бөх Читу Андреетэй барилдахаар шалгараад байна.

Барилдааныг ЭНД-с үзнэ үү.  Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00-с эхэлнэ.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж