“Сайдын 30 минут” уулзалтад Ш.Түвдэндорж оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

“Сайдын 30 минут” уулзалтад Ш.Түвдэндорж оролцлоо

Пүрэв гариг бүрт болдог энэ уулзалтын эхэнд Ш.Түвдэндорж сайд мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.

2014 оны өвөл 50 орчим сая мал өвөлжинө, улсын хэмжээнд 1,25 сая тн өвс бэлтгэхээс 80 орчим хувийг нь бэлтгээд байна.

Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор малчдын ноосны урамшуулалд олгосон 36 тэрбум төгрөгийн 10 хувь буюу 3,6 тэрбум төгрөгийг сум, дүүрэг бүрт олгож өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж байна. Хадлан бэлтгэлд 180 мянган хүн ажиллалаа гэж сайд хэллээ.

Франц, Германаас өндөр ашиг шимт үүлдрийн 850 үхэр, ОХУ-аас 800 бүл зөгий импортлосон зэрэг ажлыг эрчимжсэн мал аж ахуйг дэмжин хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийлээ.   

Ургац хураалтын явц 95 хувьтай, энэ сарын 20 гэхэд бүрэн дуусна. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 466,6 мянган тн үр тариа, үүнээс 439,8 мянган тн буудай, 154,7 мянган тн төмс, 100,2 тн хүнсний ногоо, 47,8 мянган тн тосны ургамал, 41,2 мянган тн тэжээлийн ургамал хураах тооцоог тус яам хийжээ.

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийт 23 гурилын үйлдвэртэй гэрээ байгуулж, 27 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүд нэгдүгээр гурилын үнийг бүтэн жилийн хугацаанд 850 төгрөгт барина гэж тооцсон байна.

Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд 12 мянган тн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 14-ний өдөр дахин зарлажээ.

Төрөөс үйлдвэр, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болжээ зэрэг мэдээллийг ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж