Солонгосын Гадаад хэлний их сургуулийн тэнхимийн эрхлэгчийг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Солонгосын Гадаад хэлний их сургуулийн тэнхимийн эрхлэгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Б.Ганболд 10 дугаар сарын 14-ний өдөр тус улсын Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Ким Ки Сөнийг тэнхимийн эрхлэгчээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Монгол хэлний тэнхимийн эрхлэгчээр томилогдсонд нь профессор Ким Ки Сөнд баяр хүргээд, хоёр орны ард түмний найрамдалт харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх, монгол хэл, соёлыг Солонгост сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллахыг хүсэв.

Элчин сайд Б.Ганболд монгол хэл, соёл судлалыг гадаадад хөгжүүлэх асуудалд Монгол Улсын төр, засгаас онцгой анхаарч байгааг дурдаад жил бүр тус тэнхимийг амжилттай төгсч буй нэг оюутанд Элчин сайдын нэрэмжит Өргөмжлөл олгож байхаар болсныг мэдэгдэв. Мөн ЭСЯ-наас суугаа оронд зохион байгуулдаг Монголыг сурталчлах соёлын арга хэмжээнд монгол хэлний ангийн оюутнуудыг урьж оролцуулж байхаар болов. Энэ нь оюутнууд Монголын талаар илүү мэдээлэлтэй  болох,  хэлний түвшингээ дээшлүүлэх ач холбогдолтой гэж Элчин сайд тэмдэглэв.

Монгол хэлний тэнхимийн эрхлэгч Ким Ки Сөн цаашид ЭСЯ-тай ажил хэргийн холбоогоо улам бэхжүүлж ажиллахаа илэрхийлээд, ирэх 11 дүгээр сард болох Монгол хэлний тэнхимийн төгсөгчдийн “Эрдмийн наадам” арга хэмжээнд Элчин сайдыг урив. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчилбал тус сургуульд урьж лекц уншуулах хүсэлтэй байгаагаа тэрбээр мөн илэрхийлэв.

Гадаад хэлний их сургуульд монгол хэлний тэнхим 2008 онд байгуулагдсан бөгөөд одоо 80 гаруй оюутан монгол хэл судлаач, орчуулагчийн мэргэжлээр суралцаж байна. Тэнхимийн эрхлэгч, профессор Ким Ки Сөн 90-ээд онд Монголд суралцсан Өмнөд Солонгосын анхны оюутан, монгол судлаач эрдэмтдийн нэг бөгөөд Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж