Дадалын сайхан сургууль

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Дадалын сайхан сургууль

-Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-ийн 90 жилий ойд-

Хэнтий аймгийн Дадал сумын сургууль байгуулагдсаны 90 жилийн ой саяхан болсон. Эх орны өнцөг булан бүр, бүр гадаад орнуудаас ч үе үеийн төгсөгчид нь олноор зорин очиж, Чингис хааны өлгий нутаг, төрөлх тоонотдоо сургуулийнхаа ойг тэмдэглэж, бүтээлч үйлсээ тайлагнаж, бэлэг сэлтээ ч гардуулан баярлацгаасан юм.

Энэ үеэр тус сургуулийн захирал болоод сумын Засаг даргаар ч ажиллаж байсан өндөр настан Г.Доржсүрэн багш сургуулийнхаа тухай, өөрийнхөө ангийн хүүхдүүдийн тухай, ер нь Дадалын сургуулийн төгсөгчдөөр үргэлж бахархаж явдаг сэтгэгдлээ дурсамж хэлбэрээр бичиж олны хүртээл болгоно уу хэмээн өгснийг аяны богц болгон дэлгэж байна. (Сэтгүүлч Р.Оюунжаргал)

Г.Доржсүрэн багш ийн бичиж байна.

1961 оны долоон жилийн сургуулийн гурав дахь төгсөлтийнхөн (Ангийн багш Ц.Лхамдондог) бахархан дурсах юмтай. Монгол Улсад нэгдэлжих хөдөлгөөн ялж, түүний манлайд “Хөдөлмөр”нэгдэл (Нэгдлийн дарга хөдөлмөрийн баатар Ц.Чойдорж) тодорч, нэгдэлчдийн бүтээлч идэвх ид өрнөж байсан үе. Хүүхэд бид ч ялгаагүй хуваарилагдан очсон Өндөрхаан, Биндэрийн 10 жил, Улаанбаатарын лаборатори I, V, XXIII сургууль, Анагаах ухааны дунд сургууль, Багшийн сургууль, Төмөр замын техникум, Дорноговийн Анагаах ухааны техникумд суралцаж байхад сургууль, багш нарынхаа нэрийг унагахгүй юмсан гэсэн бодол сэтгэлийн үзүүрт байлаа.

Н.Дорж I сургуулийн наймдугаар ангийг алгасч, Б.Буяндэлгэр, Д.Сосор нар Анагаах ухааны техникумд, Ц.Өлзийбаяр Төмөр замын техникумд онц сурч байсан нь сургуулийн маань сургалт ямар байсныг гэрчилнэ.

Манай ангийнхан IV анги төгссөн жилдээ Ц.Амгалан (Хошой Алтан гадаст, МАХН-ын 15 дугаар Их хурлын төлөөлөгч) багшийн удирдлагаар баригдах сургуулийнхаа байшингийн (пийшингийн) тоосго цохиж Дашцэрэн гуайн удирдлагаар шатааж байв.

Тав, зургадугаар ангийнхаа зуны амралтаар өглөөний нарнаас жаргах наран хүртэл бригад болон хуваарилагдаж уралдаантайгаар 1,2 дугаар шавардлага, шигтүүр хадах, шохойдлого, будгийн ажлыг хийцгээж долдугаар ангид орох жилдээ шинэ байрандаа орсон юм. Хөдөлмөр хийснийхээ анхны хөлс, хөдөлмөрийн амт шимт, тэсвэр хатуужил, хийсэн бүтээснээрээ бахархах сэтгэлийн таашаалыг анх амссан. Батдарам захиралтай, Дамбийжанцан эрхлэгчтэй сургуулийн багш сурагчид, ажилчид аж ахуйн аргаар барьсан цагаан байшин 40-өөд жил эрдэм номын ордон болсон гэхэд гаднын хүмүүс тэр болгон итгэдэггүй юм.

1961 оны гуравдугаар сард нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал ирж сум, нэгдлийн ажилтай танилцахад сурагчдын концерт тоглож, манай ангид хүлээн авч, үнэтэй зөвлөгөөг нь сонсох ховор завшаан бидэнд тохиож билээ.

Бага ангид Чимид-Олзвой, Р.Цэдэндамба, Б.Батдарам, Б.Бадамсад, Ө.Жамсран, дунд ангид авиан зүйг Т.Мангал, Орос-Зөвлөлтийн утга зохиолыг С.Дэмбэрэлжав, хими биологийг Г.Долгоржав, (Улсын XI Их хурлын төлөөлөгч) мужааныг С.Рэнчиндорж, арифметикийг Дамбийжанцан, алгебр, геометрийг Ж.Дэмбэрэлсамбуу, түүхийг Д.Батдарам, орос хэлийг Ц.Лхамдондог зэрэг шилдэг багш нараар заалгах аз тохиосон юм. Т.Мангал багш “Буйданбаатар”, “Жангар” туужаас хэсэгчлэн яруу тодоор цээжээр уншина. Сэтгэл нь хөдлөөд ирэхээрээ “Үхэрчин хүү”, “Үлэмжийн чанар”-ыг дуулж өгнө. Тавдугаар ангид авиан зүйг заахдаа бидний буриад, хамниган аялгатай “ноцолдоно”. Цээж бичигт гаргасан нутгийн аялгын алдааг нэг бүрчлэн хэлж давтаж хэлүүлж уйгагүй засдаг. Завхан аймгийн Алдархаан сумын гаралтай, Төв, Хэнтий аймагт олон дунд сургуулийн шавыг тавилцсан нэр хүндтэй сэхээтэн байж билээ. А.С.Пушкин, Ю.Лермонтовын шүлгүүд, Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл”, Ч.Лодойдамбын “”Хугараагүй ноён нуруу” тууж зэрэг зохиолыг сэтгэлд хоногшин, нүдэнд харагдтал дүрслэн ярьдаг. Оросын зохиолчдын зохиолыг эх хэл дээр нь уншиж ойлгодог, Зөвлөлтийн олон сонин сэтгүүл захиалж уншдаг орос, буриад хэлнээс орчуулах дугуйлан удирддаг ховорхон багш байв.

Орос хэлний багш Ц.Лхамдондог тогтмол цээж бичиг бичүүлдэг байсан нь одоо бодоход бидний харааны ой тогтоолтод анхаардаг заах аргатай байж. Манай ангийнхан төгсөхдөө бодлогын хураамжийн долдугаар ангийн бүх бодлогыг хуваарилан авч бодоод нямбайлан үдэж дэвтэрлээд  ном болгон багшдаа өгсөнд Ж.Дэмбэрэлсамбуу багш маань жигтэйхэн их баярлаж гардан авч байсан нь мартагддаггүй. Багш нар маань өндөр шаардлагатай, чанга дүнтэй. Худал хэлж, зусардан бялдуучлах, хууран мэхлэхийг үл тэвчдэг, ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг болгох талаар биеэрээ үлгэрлэж байсан нь бидэнд нөлөөлсөн байлаа.

Хэнтийн их уулсаас үнэний дуу хоолой болон цуурайтдаг гэж хэвлэлээр бичигддэг “Монголын утга зохиолын төлөө” шагналтан, соёлын гавьяат зүтгэлтэн М.Равдандаш, буудлагын спортын монгол школ-ыг шавь нарынхаа хамт бий болгосон, олимпийн хоёр удаагийн хүрэл медальт Д.Мөнхбаярын дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулгч Ц.Өлзийбаяр, Монгол Улсын аварга малчин Ц.Янжмаа, аймгийн аварга малчин Норжлоо, МХЗЭ-ийн 15 дугаар Их хурлын төлөөлөгч эх баригч Д.Сосор, Улаанбаатарын сүүний үйлдвэрийн инженер Б.Ханд, Хэнтий аймгийн гурилын үйлдвэрийн технологич инженер Б.Нүрзэд зэрэг зөвлөх инженер зургаа, багш 10, эмч гурав, ХАА-н мэргэжилтэн гурав, мянгат малчин дөрвөн хүн манай ангиас төрөн гарчээ.

Бид бүхэн анхны сурагч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Цэдэнжав, төрийн шагналт, ардын уран зохиолч С.Эрдэнэ, СГЗ Б.Цэдэндамба, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, төрийн зүтгэлтэн Дуламжид, Ц.Чимэддорж, Ц.Балдандорж, С.Цэвээн, Б.Долгормаа, ардын багш Б.Цэрэндорж, Халх голын дайчин Мядаг, Осор, Дэлхийн II дайнд оролцсон дайчин Ж.Дашдорж, С.Рэгзэн нарыг төрүүлсэн алдартай сургуулиараа бахархаж яваа нэг л тоонотынхон билээ л.

Галсангийн Доржсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж