Хүний нөөцийн менежерүүдийн форум болж байна | News.MN

Хүний нөөцийн менежерүүдийн форум болж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Хүний нөөцийн менежерүүдийн форум болж байна

-Тав дахь удаагийн энэхүү форумаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг онцолж байна-

Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран хүний нөөцийн менежерүүдийн тав дахь удаагийн уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн форум “Байгууллагын хөгжил-Хүчин зүйл-Удирдах эв дүй” сэдвийн дор болж буй бөгөөд нийт 120 орчим компанийн төлөөллөөс оролцож байгаа ажээ. Форумаар уламжлалт Монгол удирдахуйн онцлог, чиглэл хандлага, удирдах эв дүй, компанийн гүйцэтгэх удирдлага, хүний нөөцийн стратеги удирдлагын чиг хандлага, байгууллагын хөгжил дэх хүний хүчин зүйл, хүний нөөцийн хөгжлийг ярилцаж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг нийгэмд хүлээж авах хандлагыг эерэг болгох асуудлыг онцолж буй.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/- ын регистрийн санд есдүгээр сарын байдлаар 110.4 мянган аж ААНБ бүртгэлтэй байгаагийн 56.1 мянга буюу 50.8 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 34.5 мянга буюу 61.6 хувь нь Улаанбаатар хотод, 7.1 мянга буюу 12.6 хувь нь Төвийн бүс, 6.4 мянга буюу 11.5 хувь нь Хангайн бүс, 5.7 мянга буюу 10.2 хувь нь Баруун бүс, 2.3 мянга буюу 4.2 хувь нь Зүүн бүсэд ногдож буй ажээ. Ажиллах хүчний тооны хувьд, дээрх нийт байгууллагын  84.9 хувь нь 1-9 ажилтантай, 6.5 хувь нь 10-19, 5.3 хувь нь 20-49, 3.2 хувь нь 50-иас дээш ажилтантайг статистикчид мэдээлсэн юм.

Улсын хэмжээнд ийм их компани бүртгэлтэй байдаг ч хагас нь л бодит үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цаашдаа хэрхэн үр ашигтай ажиллах талаар туршлага солилцохоор компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүд ийнхүү форумд нэгдэж байна.

У.БОЛОР

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж