Азийн паралимпийн наадамд 9 төрлөөр оролцоно | News.MN

Азийн паралимпийн наадамд 9 төрлөөр оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Азийн паралимпийн наадамд 9 төрлөөр оролцоно

-“Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын II наадам аравдугаар сарын 18-24-ний хооронд болох юм.-

Паралимпийн Азийн наадам нь 1975 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази номхон далайн орнуудын наадам нэртэйгээр эхэлж, 2010 онд анх Азийн паралимпийн наадам нэртэй болсон юм. “Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын II наадам БНСУ-ын Инчён хотод аравдугаар сарын 18-24-ний хооронд болно. Тус наадамд Монгол Улсаас спортын 9 төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан 4, эмч 2, хэвлэлийн мэдээллийн 4 ажилтан болон ширээний теннисни олон улсын 2 шүүгч нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна.

"Инчён-2014" паралимпийн Азийн зуны спортын наадамд 42 орны 4500 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлдөх бөгөөд “Рио-2016” паралимпийн наадмын эрх олгох аж. Энэхүү наадамд манай улсаас жүдо бөх, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, суугаа волейбол, пауерлимфтинг болон хонхот бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлтийн төрлөөр оролцох юм байна.

Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Азийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдад зардал дэмжлэг үзүүлэн 140,0 сая төгрөгийг шийдвэрлэн өгч, Засгийн газрын хүндэт зочноор Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, багийн ахлагчаар МПХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Монгол Улсын багийн тугчаар хөнгөн атлетикийн тамирчин, ЭМШУИС-ийн оюутан Ц.Баттулга сонгогдсон юм.

Манай баг тамирчид энэ сарын 14-нд БНСУ-ыг зорисон бөгөөд наадмын нээлтийн ажиллагаа ирэх бямба гариг буюу энэ сарын 18-нд болно.

Дашрамд дурдахад “Гуанжоу-2010” Азийн наадамд манай пара жүдо бөх, хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид 2 мөнгө, 3 хүрэл хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Ч.БОЛОР

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж