Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Тэвчээр барагдлаа

УИХ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаараа Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 87.7 хувийн саналаар дэмжин баталлаа.

Тогтоолыг баталснаар Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд,  Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Зам тээврийн сайд А.Гансүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг тус бүр чөлөөллөө.

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэснээр УИХ-ын энэ өдрийн үдээс өмнөх хуралдаанаар сайд нарыг чөлөөлөхтэй зэрэгцүүлж, шинэ сайдыг томилохоор төлөвлөөд байв. Гэвч сайд нарыг томилох асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч, тээг тавьсан юм. Цөөнхийн бүлэг тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдсэн. Хэрвээ бүлэгтэй зөвшилцөл хийж завсарлагын хугацааг наашлуулах талд алхам хийхгүй бол дөрвөн ч яам удирдлагагүй хэд ч хонож хоног алдаж мэдэхийг хэлэхэд бэрхтэй боллоо.

Уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригт, Уул уурхай, эрчим хүчний сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид нарыг дэвшүүлээд байгаа. Харин цөөнхийн бүлэг “Асуудлыг цувруулж Засгийн газар хэлэлцүүлж байна. Давхар дээлтэй сайд томилохгүй байх Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсангүй. Хариуцлага тооцох сайдууд бүтцийн өөрчлөлт нэрийн дор сугарч үлдлээ” гэсэн шаардлага тавьж, завсарлагаа цуцлах шинжгүй байна.

Энэ тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин тайлбарлалаа.

Тэрээр “МАН-ын бүлэг сайд нарыг томилох асуудлаар байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан нь гурван шалтгаантай холбоотой. Нэгдүгээрт, томилогдох сайд нарынхаа нэрийг бүгдийг УИХ-д оруулаад ир. Хоёрдугаарт, хариуцлага тооцох асуудлаа оруулаад ир. Сайн ажилласан хүмүүсээ явуулж байна гэх. Логикоороо муу ажиллаж байгаа нь үлдэж таараад байна. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч дахин дахин хэлж байгаа.  Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байхгүй шүү гэж… Бүлгийн дарга нарыг суулгаж байгаад энэ тухай хэлсэн.  Өнөөдөр Ерөнхийлөгч гадаадад ажиллаж байна. Ийм үед томилгоо хийх гээд байгаа чинь ямар учиртай юм бэ. Сайд нарыг батлахгүй гэдэг юм УИХ дахь МАН-ын бүлэгт байхгүй. Асуудлаа зарчмын дагуу оруулаад ир” гэсэн тайлбар хийсэн юм.

Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн болох З.Баянсэлэнгэ цөөнхийн бүлгээс хийж байгаа улстөр нь Шударга ёс эвслийг Засгийн газраас гаргах гэсэн оролдлого. Тэр тусмаа чөлөөлөгдөж байгаа сайдуудыг Ерөнхий сайдтай зодолдуулах явуургүй ажиллагаа хийж байна” гэж тодотгосон бол УИХ-ын гишүүн Л.Цог Ерөнхий сайдыг огцруулах ёстой хэмээн мэдэгдэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Арвин “Хүн томилуулах болохоор хооронд нь зодолдуулах юм хийгээд. Алийн болгон Ардын намынханд доромжуулдаг юм. Ардчилсан намын бүлгийг хуралдуулъя. Тэвчээр барагдлаа” гэсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Үг хэлэхгүй бол болохгүй нь. МАН харин доромжуулж байгаа шүү. Алдаагаа залруулах болов уу гээд асуудал тавих бүрийд МАН-руу давшилдаг” гэж няцааж, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Сандал ширээ хуваалцахад чинь бид оролцоогүй. Яахаараа биднийг шүүмжлээд байдаг юм бэ” гэж олонхид үг дайлаа.

Ийнхүү сайд чөлөөлөх асуудалтай холбоотойгоор намын бүлгийн гишүүд бие биенээ буруутгаж асуудлыг шийдвэрлэснээр энэ өдрийн УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүллээ.

Үдээс хойшхи чуулган удахгүй үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж