“Цахиурын хөндий”-н шинэ компаниуд

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

“Цахиурын хөндий”-н шинэ компаниуд

Гайхалтай шинэ санаагаа амжилттай ажил хэрэг болгосноор оргүй хоосноос амжилтанд хүрсэн жишээ “Цахиурын хөндий”-д олон.

Тэдний санаачилсан, бүтээсэн, хийсэн бүхэн нь бидний өдөр тутмын амьдралын хэмнэлийг өөрчлөхөөс эхлээд сансрын технологийн түвшинд хүртэл дэвшил авчрах өргөн хүрээг хамарсан байдаг. Эдгээрээс Монгол залуус ч гэсэн санаа авч өөрийн бизнесээ эхлүүлэхэд болохгүй гэх газаргүй.

Ингээд гайхалтай шинэ санааг ажил хэрэг болгон эхлүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татаад буй шинэ компаниудын тухай хүргэе.

 

Airware

Дрон. Amazon онлайн дэлгүүр хүргэлтийн үйлчилгээндээ дрон ашиглаж эхэлсэн тухай мэдээллийг та харсан байх. Ойрын хэдэн жилд агаарын орон зайд өргөн фронтоор орж ирэх шинэ гишүүн бол дрон. Шуудан холбоо, бараа хүргэлт зэрэг үйлчилгээнд ашиглаж болохоос гадна гэрэл зураг болон кино бичлэг гэх мэт маш өргөн хүрээнд үүнийг ашиглаж болно.

Airware компани нь эдгээр дронуудын ажиллах эх үндэс болох платформыг бүтээгч компани юм. Тэд дрон үйлдвэрлэхгүй харин дроныг бүтээх программ хангамж, техник хангамжийг хариуцан ажилладаг.

Тс компанийг үүсгэн байгуулагч Jonathan Downey “Бид одоо хэрэглэгдэж буй дроныг чиглэл бүрээр илүү нарийн боловсруулж, чухам юу хаана хэрэгтэйг байгааг олж илрүүлэн хамгийн шилдэг шийдлийг олохоор ажилладаг” хэмээн ярьжээ.

Тэрээр одоо 30 настай ч оюутан байхаасаа л ажлын гараагаа эхэлсэн. Түүний компани одоо 40 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чадаад байгаа юм.

 

Boxbee

Энэ компанийг үүсгэн байгуулагч Kristoph Matthew АНУ-ын Засгийн газрын ажилтны хүү бөгөөд аавынхаа ажлын шаардлагаар Саудын Араб, Тайланд, Герман зэрэг орнуудад амьдарч нийт 22 удаа нүүж байжээ. Энэ үед түүнд ачаа бараагаа баглах, зөөвөрлөх, хэрэгтэй зүйлсээ аль хайрцагнаас олох зэрэг олон хүндрэл учирч байсан байна. Тиймээс бусад хүмүүст ч гэсэн надтай ижил асуудал тулгарч байгаа, үүнийг шийдэх арга олох хэрэгтэй гэж бодсоноор компаниа нээх санаа төржээ.

Boxbee үйлчилгээ нь тун энгийн. Та захиалга өгснөөр boxbee нэртэй хайрцгийг гэртээ хүргүүлж авна. Уг хайрцаг нь дотор нь хийж буй зүйлсийг бүртгэх каталогтой. Каталогийг нь бөглөөд хайрцганд ачаа бараагаа ангилж хийгээд та хайрцгийг буцаан өгнө. Хүсвэл та boxbee-гийн ажилтнуудаар дээрх ажлыг хийлгүүлсэн ч болно. Ингээд таны хайрцагтай ачааг boxbee-гийн агуулахад хүргэнэ. Та хүссэн үедээ хүссэн газраа тухайн хайрцгийг хүргүүлж авах боломжтой ба авахгүй хүссэн хугацаагаараа агуулахад хадгалуулж болно.

Хадгалах үнэ нь нэг хайрцаг сард 7,5 ам.доллар.

Тус компани байгуулагдаад нэг жил болж байгаа ч 2,5 сая ам.долларын хөрөнгө босгож чаджээ.

 

BRCK

Тус компанийн бүтээсэн төхөөрөмжийг анх харахад тийм ч гоё ганган сайхан эд биш. Гэхдээ тэрний хийж чадах зүйл нь гайхалтай. Энэ төхөөрөмж нь Ethernet, Wi-Fi болон үүрэн холбооны сүлжээнүүдийг 20 хүртлэх төхөөрөмжинд зэрэг холбох хүчин чадалтай.

Цахилгаан эрчим хүчинд холболгүйгээр 8 цаг ажиллах боломжтой. Энэ нь дэлхийн алслагдсан өнцөг булан бүрт утасгүй сүлжээг хүргэхэд жинхэнэ шинэ эринг эхлүүлэх бүтээл юм.

Энэхүү төхөөрөмжийг бүтээгч Erik Hersman хэдэн жилийн өмнө Африкт аялахдаа интернэтэд холбогдох гэж маш их хайсан боловч сүлжээтэй газар олж чадаагүй байна. Тиймээс энэ төхөөрөмж бүтээх санааг гаргажээ.

Kickstarter төслийн хүрээнд 172 мянган ам.долларын хөрөнгө оруулалт олж байсан бол үүний дараа 1,2 сая ам.доллар болтол нь нэмэгдүүлж чаджээ.

Тус компанийн технологийн гүйцэтгэх захирал Reg Orton “Энэ бол интернэтэд зориулсан нөөц үүсгүүр. Утасгүй интернэтийн хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээний нэг. Үүний хангахад манай төхөөрөмж чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.

 

Humin

Бид ухаалаг гар утастай болсноор бүхий л мэдээллээ гар утсан дээрээ хадгалах болсон билээ.

Та гар утсан дээрээ хадгалсан утасны дугаарыг хараад энэ чинь чухам хэн билээ гэж асуух үе гардаг уу. Хэзээ нэгэн цагт шаардлагатай болоод л хадгалж байсан дугаараа сүүлд нь хэн билээ гэдгийг санахгүй байх нь элбэг. Харин Humin энэ асуудлыг шийдэх гэнэ.

Энэхүү арр нь таны найз нөхөд бүрт жижиг хэмжээний мэдээллийн санг үүсгэх ба тухайн хүний хаана ажилладаг, хаана амьдардаг гэх зэрэг мэдээллийг олон нийтийн сүлжээ сайт дахь мэдээлэл дээр нь суурилан цуглуулах юм байна. Мөн фейсбүүк твиттертээ оруулсан профайл зургаар нь таны контакт дээр харагдана.

Уг арр-ыг өнгөрсөн наймдугаар сард анх гаргасан ба зөвхөн iPhone-д зориулсан хувилбарыг хэрэглэгчдэд хүргэсэн юм. Уг арр нь танилцуулагдсан эхний долоо хоногтоо шилдэг 100 арр-ын жагсаалтанд бичигдсэн байна.

 

Shyp

Хэн нэгэнд илгээмж явуулах гэж байгаа хүнд санал болгох үйлчилгээ бол Shyp. Уг үйлчилгээг гар утсанд зориулсан арр ашиглан авна. Та илгээмжээр явуулах бараа бүтээгдэхүүнийхээ зургийг аваад илгээхэд тухайн барааг аюулгүй тээвэрлэхэд зориулсан савлалтыг бэлтгэн ирнэ. Илгээх бараа бүтээгдэхүүний онцлог тохирсон тусгай савлагаагаар савлах учраас эвдрэх гэмтэх эрсдэлгүй. Мөн FedEx, DHL, UPS болон Америкийн шуудангийн хаана хүргэхэд ямар үнэ ханштай болохыг танд 20 минутын дотор тооцоолон гаргаж өгнө.

Өнгөрсөн гуравдугаар сараас үйлчилгээгээ эхэлсэн ч 25 мянга гаруй захиалга авч үйлчилгээ үзүүлсэн байна. Одоогоор Сан-Франциско болон Нью-Иорк хотуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тун удахгүй Миамид салбараа нээхээр төлөвлөж байгаа аж.

 

Smart Vision Labs

Дэлхий эрүүл мэндтийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр 200 сая харааны бэрхшээлтэй хүмүүс байгаа аж. Гэвч тэдний нүдний харааг тодорхойлж, шил тааруулах ажлыг хийхэд ихээхэн хүндрэлтэй.

Smart Vision Labs компани нь халаасанд багтах жижиг хэмжээтэй, нүдний харааг тодорхойлогч аппаратыг зохион бүтээжээ. Уг аппаратаар тухайн хүний нүдний харааг тодорхойлохын сацуу нүдний харааны гажиг эмгэгүүдийг ч оношилж болох гэнэ. Аппаратаар тест хийхэд үр дүнг таны гар утас руу илгээх ба уг үр дүнг дэлхийн аль ч улсад байгаа нүдний эмч рүү илгээн зөвлөгөө авах боломжтой юм байна.

Уг бүтээл 2013 оны эрүүл мэндийн шилдэг бүтээлээр шалгарч 1 сая ам.долларын шагналыг бүтээгчиддээ авчирчээ.

Н.ЦЭНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж