Ер нь хамтлаг гэдэг дуулж хуурдаад л өнгөрдөг байх ёсгүй. Өмнө ч хоёулаа ярилцаж байхад хэлж байсан. Хамгийн гол нь фэнүүдэд, сонсогчдод юу үлдэх нь чухал. Уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг, түүхийг сонсогчиддоо үлдээдэг байх хэрэгтэй…гэж өөрийнхөө үзэл бодлыг хуваалцах “Хурд” хамтлагийн соль гитарчин Гавьяат жүжигчин Д.Отгонбаяртай ярилцсанаа хүргэе.
-“Хурд” хамтлагийнхан хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн. Ямар зорилгоор хийх гэж байгаа вэ?
-Монголын рок попын түүхийг өгүүлэх ном гэж байдаггүй юм байна лээ. Рок попынхны тухай түүхэн ном манайхан бичиж амжаагүй байгаа ч яагаад хамтлагийнхаа түүхийг өгүүлэх ном бичиж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Ном бичиж гаргана гэдэг шаггүй хөдөлмөр зарсан зүйл гэдгийг ч мэдэрлээ. Номын маань эхийг яруу найрагч, сэтгүүлч Б.Ойдов ах маань бичсэн. Энэ санааг нь ч Б.Ойдов ах маань гаргасан. Ном гэдэг ертөнцийг харах толь шүү дээ. Түүхийг ном л хадгалж үлддэг жамтай. Номонд маань рок попын ертөнцийг чимж, манлайлж явдаг уран бүтээлчдийн сэтгэгдэл багтсан байгаа нь маш том шигтгээ болсон. Уг хэвлэлийн бага хурлаараа номныхоо нээлтийг хийж байгаа гэж ойлгож болно. Мөн энэ ном сэтгүүлч хүнд заавал байх ёстой. Яагаад гэхээр сэтгүүлч хүн бүр рок попын урлагийн түүхийг мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Адаглаад ярилцлага авах болгондоо биднээс “хэдэн онд байгуулагдсан бэ?” гээд л асуудаг. Тиймээс хэвлэлийн бага хурлынхаа үеэр сэтгүүлчиддээ эл номоо бэлэглэнэ. Сэтгүүлч хүнд заавал байх ёстой, хадгалах ёстой зүйл гэж бэлэглэж байгаа.
– “Хурд” хамтлагийн ном хүмүүсийн мэдэхгүй нандин түүхийг өгүүлэх нь ээ?
-Тийм шүү. Тэр болгон яриад байдаггүй, хүмүүсийн мэддэггүй түүхийг өгүүлнэ. Маш сонирхолтой мэдээллүүдийг ч агуулсан байгаа. Рок поп сонсогчид гэлтгүй хүн бүрт л сонирхолтой байх болов уу. Бүх номын дэлгүүрүүдээр худалдаанд гаргана. Би “Inter” номын дэлгүүрээр их ордог. Шүлэг хайж, ном хараад л явж байдаг юм. “Хурд” хамтлагийн ном маань нилээн сүртэй ном байгаа. Том гоё агуулгатай. Тэрнээс хэр сайн ном гэдгийг бид хэлж мэдэхгүй шүү дээ. Надад нилээд дээх нь үед худалдаж авч байсан ном бий. Гитарын тухай одоо хүртэл цоо шинээрээ. Энэ номонд маань дэлхийн бүх нэртэй гитарчдын тухай байдаг. Тэр номоо харахад ер нь ном л үлддэг юм байна гэж бодогдох болсон. Номтой нөхөрлөх нөхөрлөл маш олон жилийн нөхөрлөл шүү дээ. Ном уншина гэдэг маш агуу ертөнцтэй л танилцана гэсэн үг юм даа.
-Ном биччихсэн юм чинь хамтлагийнхаа тухай кино хийнэ биз дээ?
-Ёстой хэлж мэдэхгүй байна. /Инээв/. Магадгүй 30 жилийнхээ ойгоор кино хийе. Ер нь хамтлаг гэдэг дуулж, хуурдаад л өнгөрдөг байх ёсгүй. Өмнө ч хоёулаа ярилцлага хийж байхад хэлж байсан. Хамгийн гол нь фэнүүдэд, сонсогчдод юу үлдэж байна вэ гэдэг чухал. Уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг, түүхийг сонсогчиддоо үлдээдэг байх хэрэгтэй.
-Магадгүй “Хурд” хамтлагийнхан 25 жилийн ойн хүрээнд явуулсан арга хэмжээнүүдээрээ бусад хамтлагуудад тодорхой хэмжээний босго, зэрэглэл бий болгож байж болох юм?
-Тийм шүү. Босго бий болгож байж хөгжинө. Гадаадын томоохон хамтлагуудыг ажиглахад өөрсдийн ойгоороо маш олон төслүүдийг хийж байна л даа. Бид мөнгөтэй л бол будаа болгоно, мөнгө л байвал хийнэ гэж хэдэн жил ярих вэ дээ. Байгаа боломж бололцоогоороо зүтгэж, хийдэг л байх хэрэгтэй. Өмнө нь бид “алтан пянзан”-д мөргөдөг байсан бол Монголын “Хурд” хамтлаг “алтан пянз” хийлгэчихлээ. Болдог л юм байна. Цаашдаа урлагийн төлөө хийж болох бүгдийг л хийнэ, зүтгэнэ гэж бодож байгаа. Хамгийн чухал нь л хийх. Бид нар ярих их дуртай. Ярьснаар хөгжил гэдэг зүйл ирдэггүй юм шүү дээ. Хийснээрээ л хөгжил гэдэг зүйлийг дагуулдаг юм.
-“Хурд”-ынхан хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж бэлэглэх гэж байгаа гэж сонссон?
-“Хурд”-ынхан маань өнгөрсөн жил 25 жилийнхээ ойн тоглолтыг АНУ, БНСУ зэрэг хэд хэдэн орнуудад хийсэн. Тоглолтын үеэр манай “алтан пянз-аа дуудлага худалдаагаар рок попын сонсогчдод хүргэсэн. Биднийг сонсдог, урлагт хайртай хүмүүс манай “алтан пянз”-ыг дуудлага худалдаанаас авсан гэдэгт итгэлтэй байгаа. “Алтан пянз”-ны дуудлага худалдаанаас олсон мөнгийг Сиэтл хотод явж байхдаа нэгэн монгол залуутай таарч хүүхдүүдэд хэрэгтэй тоног төхөөрөмж эмнэлэгт хандивлахаар болсон. Хүүхдийн эмнэлгийг чамгүй судалсан шүү. Судлаж байхад нярай хүүхдийн нарийн багаж огт байдаггүй юм байна гэдгийг мэдсэн. Нярай хүүхдийн даралтыг үздэг аппарат, жинлүүр гэхэд л ганцхан ширхэг байдаг эсвэл агаар шүүгч байдаггүй тохиолдол зөндөө байсан. Эм тарианаас илүүтэй тухайн эмнэлгийн тоног төхөөрөмж, орчин их чухал байдаг юм байна л даа. Ялангуяа нярай хүүхдэд цэвэр агаар маш чухал байдаг юм байна. Тийм ч учраас энэ аппаратыг баруун дөрвөн аймагт хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байгаа. Судлаж байхад баруун аймгуудад нярайн эндэгдэл их байдаг юм байна. Тиймээс дөрвөн аймгийг сонгосон. Ганц энэ удаад эмнэлгийн тоног төхөөрөмж өгөөд өнгөрөх биш цаашдаа ч гэсэн энэ хандивыг үргэлжлүүлэх бодолтой байгаа.
-Яг хэчнээн тоног төхөөрөмж байгаа вэ?
-Айхтар овоож, оцойсон олныг өгч чадахгүй ч тодорхой хэмжээний тоотой төхөөрөмжүүдийг өгнө. Аливаа хандив их багадаа биш хамгийн гол нь л өгч байгаа нь чухал шүү дээ. Бидний өчүүхэн хандив маань нэг ч гэсэн нярай хүүхдэд хэрэг болоосой л гэж бодож байна даа.
Э.ТЭКҮ