Хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2014.10.16-нд нийтлэгдсэн

Хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар хэлэлцүүлэг болов

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн Олон улсын өдөр  болох 10 дугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллага, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс хамтран Нью Йорк хотноо "2015 оноос хойших хөгжлийн зорилтуудын хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах боломжийн тухай" хэлэлцүүлэг зохион байгууллаа.

НҮБ-ын системийн байгууллагууд, гишүүн орнууд, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцсон уг хэлэлцүүлгийг Канад Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Гилермо Ришчински, Монгол Улсын Гадаад харилцааны яамны  Олон улсын байгууллагын зөвлөх О.Энхцэцэг нар удирдан явуулав.

Арга хэмжээний үеэр Киргиз Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд Талаибек Кыдыров, Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хэлтсийн дарга Томас Янга, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Орлогч захирал Лакшми Пюри, Дэлхийн фермерүүдийн байгууллагын төлөөлөгч Сара Кэмпбэл нар хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах талаар олсон амжилт, цаашдын сорилт бэрхшээлийн талаар хэлэлцүүлэгт оролцогчидтой санал бодлоо хуваалцав.

Монгол Улс нь Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын санаачлагч бөгөөд хөдөөгийн эмэгтэйчүүдийн талаар төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар манай төлөөлөгч хэлсэн үгэндээ мэдээлэв.

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлын асуудлыг 1975 онд Мексикт, 1995 онд Бээжинд тус тус болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн хоёр удаагийн бага хурлаар хэлэлцсэний зэрэгцээ Мянганы хөгжлийн зорилтууд зэрэг глобал хөгжлийн баримт бичгүүдэд тусгаж, холбогдох арга хэмжээг авч ирсэн хэдий ч дэлхий даяар хөдөөгийн эмэгтэйчүүдийн дунд ядуурал, ажилгүйдэл өндөр, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж тааруу хэвээр байгаа ажээ.

Иймд хөдөөгийн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэдэг хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээр тодорхой асуудлыг 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудад тусгах хэрэгтэй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэв.

Дашрамд дурдахад Хөдөөгийн эмэгтэйчүүдийн Олон улсын өдрийг 2009 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэж байгаа билээ.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж