Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдсантай холбоотойгоор 2003 оноос эхлэн жил бүр авч байсан хуульчдын шалгалт өнгөрсөн онд тасалдсан юм. Тэгвэл 2014 оны хуульчийн шалгалт сарын дараа болох гэж байна. Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хуульчдын холбооноос зохион байгуулж буй шалгалтыг ирэх арваннэгдүгээр сарын 12-14-ний хооронд гурван өдөр цахим системээр авахаар болжээ. Шалгалтын эргэн тойрон дахь асуудлаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Номингэрэлтэй ярилцлаа.
-Энэ жил анх удаа хуульчийн шалгалтыг цахим хэлбэрээр авах гэж байна. Шалгалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөөч?
-Хуулиараа бүртгэл сарын өмнө дууссан байх ёстой. Энэ дагуу өнгөрсөн даваа гаригт бүртгэлийн хугацаа дууслаа. Энэ хугацаанд 1774 хүн бүртгүүлснээс одоогийн байдлаар 1516 хүнд шалгалтад орох эрх хангагдаад байна. Бүртгэлтэй холбоотой янз бүрийн санал хүсэлт байгаа учраас энэ сарын 20-ныг дуустал өргөдөл бичгээр хүлээн авна. Тэгэхээр хүмүүсийн тоо бага зэрэг өөрчлөгдөж магадгүй. Өнгөрсөн жил хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор бэлтгэл хангах ажил байсан учраас шалгалтыг аваагүй өнжсөн. Энэ жил өмнөх жилүүдээс харьцангуй олон хүн бүртгүүллээ. Бас цахим хэлбэрээр анх удаа шалгалт авах гэж байгаа учраас шалгалт өгөх гэж байгаа хүмүүс мэдээллээ сайн авах хэрэгтэй. Бидний зүгээс шаардлагатай бүх бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Шалгуулагчид эхлээд тестийн шалгалтаа өгнө. Тестийн шалгалтад 40 оноо авахаас хамгийн багадаа 24 оноо авсан тохиолдолд дараагийн буюу бодлогын шалгалт өгөх юм. Бодлогын шалгалт, сорилгын шалгалтын нийлбэр оноо 70-аас дээш тохиолдолд шалгуулагчийг тэнцсэнд тооцож, хуульчийн батламж олгоно. Шалгалт болоход сарын хугацаа үлдсэн байна. Энэ хугацаанд шалгалтад өөрийгөө бэлтгэх боломж бий. Жишээ нь тестийн шалгалтад иргэний, эрүүгийн,захиргааны эрхзүйн асуулт хэдэн хувийг эзлэх нь тодорхой байгаа. Шалгуулагч бүртгэлийн программ руу нэвтэрснээр туршилтын хувилбараар өөрийгөө дасгалжуулах боломжтой.
-Хуульчийн шалгалт шударга болохгүй байна, шалгалтын тест задарлаа гэх зэрэг шүүмжлэл бий. Энэ удаа шударга байж чадах уу?
–Шударга явахгүй байна, ил тод байдал хангалтгүй байна гэдэг шүүмжлэл бий. Гэхдээ цахимаар авснаар хяналт улам сайжирна. Ямарваа нэг байдлаар тест задрах, буруу дүгнэх асуудал гарахгүй. Бид шаардлага хангахуйц программ хангамж ашиглаж байгаа учраас нууцлал алдагдахгүй, тухайн шалгуулагчийн хэн болох нь танигдахгүй . Өмнө нь шалгалтын зохион байгуулалт, материалыг дүгнэх ажилд хүний оролцоо их байсан. Хүний оролцоо их байсан учраас шалгалтын материад засч байгаа хүнд өөрийгөө таниулах янз бүрийн үг, өгүүлбэр бичих тохиолдол гардаг байсан. Энэ удаа IT-ийн чиглэлийн мэргэжилтнүүд Хяналтын зөвлөлд ажиллах учраас асуудал гарахгүй.
-Саяхан газар өмчлөх иргэдийн өргөдлийг цахимаар авахад программ ачааллаа дийлэхгүй хүндрэл гарч, иргэдийг бухимдуулсан. Ийм асуудал үүсэхгүй гэдэгт итгэлтэй байж болох уу?
-Бидний хувьд бэлтгэлээ сайн хангаж байгаа. 1700 гаруй хүн зэрэг шалгалт өгөхөд ачаалал даана гэж үзэж байна. Тухайн өдөр программыг гацаахгүй байх талаас тусдаа компаниар программын аудит хийлгэж байна. Мөн интернэт, цахилгаан тасрахгүй байх талаас арга хэмжээ авсан.
-Хуульчийн шалгалт өгч байгаа хүмүүсийн хэдэн хувь нь тэнцдэг вэ?
-Өмнөх жилүүдээс харж байхад 1000 хүний 500 нь тестийн шалгалтад унаад, дараагийн бодлогын шалгалтад дахиад тал хувь нь унадаг. Ерөнхийдөө шалгуулагчдын 4/1 нь тэнцдэг гэсэн үг. Энэ жил шалгалтад бэлтгэх туршилтын программыг нээлттэй болгосон учраас сайн бэлтгэж, тэнцэх бүрэн боломжтой.
Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн хүрээнд шалгалтын дүнг ажлын 5 хоногт багтаан мэдээлэх юм байна. Хуульчийн шалгалтад тэнцсэнээр шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэхэд оролцох, өмгөөлөл, хуульзүйн туслалцаа үзүүлэх эрхтэй болно.
С.ОТГОН