УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам тээврийн сайд А.Гансүх, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд оруулсан өөрчлөлтийн хүрээнд давхардсан орон тоо хэр цөөрөх талаар тодрууллаа. Сангийн сайд Ч.Улааны тайлбараар бол 140 орон тоо цөөрнө, үүнээс 1.3 тэрбум төгрөг шууд хэмнэгдэх аж.
Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “МАН Сангийн сайдыг муу ажиллаж байна гээд, огцруулна хэмээн асуудал тавьж байсан. Харин өнөөдөр Сангийн сайдыг эдийн засгийн хүндрэлтэй үед хамгийн сайн ажиллалаа гэх. Ингэж худлаа хайр зарлахаа боль. Чөлөөлөгдөж байгаа сайд нарыг Ерөнхий сайд руу турхирч, Шударга ёс эвслийг тараах явуургүй улстөр хийхээ боль” гэв.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ дахь МАН-ын бүлэг ямар шалтгаанаар завсарлага авсан талаар тайлбарлаж, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байгаа тухай шүүмжиллээ. Энэ тухай тэрээр “О.Баасанхүү гишүүн ч асуугаад байна. Сайдын ажлаа өгч байгаа хүмүүстээ ямар албан тушаал өгөх юм. Түүнийгээ шийдэж чадахгүй байгаа юм байна шүү дээ, та бүхэн. О.Баасанхүү гишүүний ярианаас тэгж ойлголоо. МАН-ын бүлэг сайд нарыг томилох асуудлаар байнгын хорооны хуралдаанаас завсарлага авсан нь гурван шалтгаантай холбоотой. Нэгдүгээрт, томилогдох сайд нарынхаа нэрийг бүгдийг УИХ-д оруулаад ир. Хоёрдугаарт, хариуцлага тооцох асуудлаа оруулаад ир. Сайн ажилласан хүмүүсээ явуулж байна гэх. Логикоороо муу ажиллаж байгаа нь үлдэж таараад байна. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч дахин дахин хэлж байгаа. Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байхгүй шүү гэж… Бүлгийн дарга нарыг суулгаж байгаад энэ тухай хэлсэн. Өнөөдөр Ерөнхийлөгч гадаадад ажиллаж байна. Ийм үед томилгоо хийх гээд байгаа чинь ямар учиртай юм бэ. Сайд нарыг батлахгүй гэдэг юм УИХ дахь МАН-ын бүлэгт байхгүй. Асуудлаа зарчмын дагуу оруулаад ир. Түүнийгээ хийж чадахгүй байж Ардын нам гацаагаад байна гэж ярихаа боль. Та нараас илүү энэ улс орны амьдрал ямар байгааг мэдэрч байна. Харин танай нам арга саам хэрэглэх гээд л … Нэг, нэгээр нь оруулж ирэх. Ямар бэрхшээл байгаа юм. Төрийн ажил гацаасан юм байхгүй шүү гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Төмөр зам баригдсангүй ажлаа сайн хийж, төсөв бүрдэхгүй байна, ажлаа сайн хийж, эдийн засаг хүндэрсэн байна, ажлаа сайн хийж. Ийм л зүйлийг Ерөнхий сайд яриад байна” гэлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ