“Сумын төвийн шинэчлэл” төсөлтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

“Сумын төвийн шинэчлэл” төсөлтэй танилцлаа

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Дундговь аймгийн Өлзийт сумдад хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилттэй аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд танилцлаа.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд хэрэгжих төслийн ажлын гүйцэтгэгчээр Атмор компани ажиллаж байна. Төслийн хүрээнд сумын төвийн дулаан, цахилгаан хангамж, холбоо дохиолол, гадна усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, авто замын барилга байгууламжийн ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар хатуу хучилттай замын ажил болон инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж эхэлсэн хэдий ч гүйцэтгэгч компани, орон нутгийн удирдлага иргэд хоорондоо ойлголцож ажиллаж чадахгүй байна.  Иргэд нь сум орон нутгаа тохитой болгох ажилд гар бие оролцохгүй, зургийн дагуу төлөвлөсөн ажлуудад орон нутгийн удирдлагууд шүүмжлэлтэй хандаж байгаагаас дээрхи ажлууд төлөвлөсөн хугацаанд  ашиглалтанд орох нь эргэлзээтэй болжээ.

Өлзийт сумын тухайд тус суманд гүйцэтгэгч компаниар Санжат ХХК шалгарсан. Усны хайгуул судалгаа хийж байгаагаас өөрөөр “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийгдэх үндсэн ажлууд эхлээгүй байна.

“Сумын төвийн шинэчлэл” төслөөр бус орон нутгийг хөгжүүлэх сан, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр  тохижилт хийгдсэн сум бол Дундговь аймгийн Гурвансайхан сум. Иргэдийн оролцоо хичээл зүтгэлээр өнгө төрхөө өөрчилсөн тус сум 3 сар дотор хатуу хучилттай зам, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламжтай болсон. Одоо халаалтын зуухны шинэчлэлийн ажил хийгдэж дуусах ёстой. Энэ ажлын явц байдал төлөвлөсөн хугацаанд ашиглалтанд оруулах зэрэг асуудлаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн орон нутагт ажиллалаа.

Эх сурвалж: www.mcud.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж