Ч.Болдбаатар: Цагдаагийн ажлыг иргэд дүгнэдэг болно

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Ч.Болдбаатар: Цагдаагийн ажлыг иргэд дүгнэдэг болно

 

Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөрчилж, даргыг нь Нийслэлийн Засаг дарга, Цагдаагийн Ерөнхий газрын даргатай зөвшилцөн томилсон.  Өөрөөр хэлбэл анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, олон нийтээс санал, үнэлгээ авч Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Ч.Болдбаатар шалгаруулсан юм.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатарыг албан ёсоор томиллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Нийслэлийн цагдаагийн газрыг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчилсөн нь хэлбэрийн төдий өөрчлөлт биш юм. Энэ бол агуулгын том өөрчлөлт болсон гэдгийг зориуд онцолмоор байна. Энэхүү өөрчлөлт нь захиргааны өмнө хариуцлага хүлээдэг цагдаагийн байгууллагаас иргэдийн өмнө хариуцлага хүлээсэн байгууллага болон өөрчлөгдөж байгаа юм. Хотын цагдаагийн газрын даргыг сонгон шалгаруулахдаа иргэдийн оролцоотойгоор шалгаруулсан нь хамгийн гол чухал юм" гэж онцолсон юм.

Шинэ албаа хүлээн авч байгаа Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар "Иргэдийн эрүүл, амгалан тайван амьдралын төлөө үйлчлэх найман зорилт бүхий "Иргэний төлөө-найрсаг цагдаа" мөрийн хөтөлбөрийг боловсруулан шалгаруулалтад оролцсон. Хууль сахиулах байгууллагын эрхзүйн болоод бүтэц  зохион байгуулалтын шинэчлэл хийгдэж байгаа энэ үед анх удаа сонгон шалгаруулалтааар шалгарсандаа баяртай байна. Мөн энэ хэмжээгээр хариуцлагатай ажиллах ёстой гэдгээ миний бие сайтар ухамсарлаж байгаа.  Эхний ээлжинд иргэдээр тухайн цагдаагийн ажил үүргийг дүгнүүлдэг болно. Өөрөөр хэлбэл дуудлаганд очсон цагдаа бүр иргэдээр ямар хэмжээнд үйлчилсэн болохоо дүгнүүлж байна гэсэн үг юм. Цаашид Засгийн газрын бодлого шийдвэр, нийслэлийн Засаг дарга, НИТХ-аас гаргаж байгаа эрхзүйн баримт бичгүүдэд нийслэлчүүдийнхээ тайван байдлыг хамгаалах, аюулгүй орчинг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллахад онцгойлон анхаарч ажиллана" гэж ярьсан юм.  

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж