“Цэвэр агаар” сангийнхны ялыг хөнгөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

“Цэвэр агаар” сангийнхны ялыг хөнгөрүүлжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн хуралдаанаар “Цэвэр агаар” сангийн захирал асан  Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хянан хэлэлцлээ.

Хуралдаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим өөрчлөлт оруулж,  оногдуулсан ялыг тодорхой хэмжээгээр хөнгөлсөн байна. Тодруулбал  Дээд шүүх Н.Хүрэлсүхийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Мөн Н.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар оногдуулсан найман  жилийн хорих ялыг долоон  жил болгон өөрчилж, биечлэн эдлэх ялыг  долоон  жилээр тогтоосон байна. Харин  Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан  М.Хуланд долоон  жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг   хоёр жилээр  хойшлуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэснийг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл  М.Хуланг  шүүхээс оногдуулсан  долоон  жилийн хорих ялаа  биечлэн эдлэх ёстой гэж үзжээ.  Харин хэрэгт холбогдсон Б.Алтантуяа, Д.Гэрэл нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон  бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд оногдуулсан  долоон жилийн хорих ялыг зургаан жил зургаан сар болгон хөнгөрүүлсэн байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж