Дан дээлтэй нэр дэвшигч

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Дан дээлтэй нэр дэвшигч

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд “салхи” оруулснаар шинээр дөрвөн сайдыг тодруулахаар болоод байна. Шинэ сайд нарыг дан дээлтэй байлгах чиглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарт өгөөд айлчлалд мордсон билээ. Тэгвэл шинээр сайдад нэр дэвшигчид өчигдөр оройноос тодроод байна.

Тэдний нэг нь шинээр эмхлэн байгуулах Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн юм. Түүнийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон тус намын бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн байна.

Л.Пүрэвсүрэнгийн хувьд улс төрийн хүрээнд нэр нь шинэ дуулдаж болох ч гадаад харилцааны салбарт туршлагатай хүн юм. Гэхдээ тэрээр Ардчилсан намын МоАХ фракцийн нэг төлөөлөл. Зөвлөх Л.Пүрэвсүрэн Москвагийн ОУХДС-ийг Баруун Европ судлалын чиглэлээр Магистрын зэрэгтэй төгссөн. ХБНГУ-ын ГХЯ-ны дэргэдэх залуу дипломатуудын сургалт, Шинэ Зеландын Веллингтон хотын Викториа Их сургууль, АНУ-ын Хавай дахь Аюулгүй байдлын асуудлаарх Ази, Номхон далайн төв, АНУ-ын Жон Кеннедийн нэрэмжит Удирдлагын сургуульд тус тус мэргэжил дээшлүүлжээ.

Тэрээр гадаад харилцааны салбарт дагнан ажилласан тус салбарын “унаган” ажилтан юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн Москвагийн ОУХДС-ийг төгсөж ирсэн цагаасаа ГХЯ-ны Захиргааны хэлтэст атташе, Улаанбаатар дахь Германы ЭСЯ-нд орчуулагч, ГХЯ-ны Европ, Америкийн газарт атташе,Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Бонн дахь Монгол Улсын ЭСЯ-нд Хоёр болон нэгдүгээр нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Европын газарт Нэгдүгээр нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхийн хувьд түүний хийж бүтээсэн ажил олон. Ерөнхийлөгчийн гадаад айлчлалуудыг зохион байгуулах, гаднын төр, засгийн тэргүүнүүдийн Монголд хийсэн айлчлал, олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулах, Монгол Улсын гадаад нэр хүндийг өргөх зэрэгт түүний оруулсан хувь нэмэр их юм.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад энэ намар Монгол Улсад ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийг айлчлуулах, Душанбед Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалт зохион байгуулахад тэрээр тодорхой хувь нэмэр оруулж, эдгээр том арга хэмжээг амжилттай зохион байгуулалцсан юм.

Салбараа сайн мэддэг, гадаад харилцааны салбарыг эдийн засагжуулахад ихээхэн нөлөө үзүүлж чадахуйц дан дээлтэй ийм нэр дэвшигчийг Ардчилсан намын зүгээс Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшүүлсэн нь нүдээ олсон шийдвэр болжээ.

Д.ГЭРЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж