Театртаа шинэ дээл &#34өмсүүлнэ&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Театртаа шинэ дээл &#34өмсүүлнэ&#34

-Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах ажил ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэх аж.

Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр тус театрт боллоо.

Энэхүү арга хэмжээнд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Супер барилга” ХХК-ий захирал Ч.Отгонбаяр, “Олуулаа хөгжил” ТББ-ын захирал С.Баярсайхан болон театрын үе, үеийн уран бүтээлчид, ажилчид оролцлоо.

УДЭТ-ын барилгын засварын ажил 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 11 дүгээр сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллах юм байна. 

ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл:

-Аливаа улсын соёл, урлаг тухайн ард түмний өв уламжлалыг харуулсан байдаг. Манай улсын хувьд соёл, урлагийн салбарт төрөөс анхаарч буй анхаарал бага байгааг бид анзаарч байна. Тиймээс үүнд дорвитой бодлого хэрэгтэй байгаа юм. Олон жилийн түүхтэй театрын барилгын засварын ажлыг зохион байгуулж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх ажлыг эхлүүлж буй залууст баярлаж байна. “Супер барилга” ХХК-ий залуус бидэнтэй ярилцаад энэхүү ажлыг эхлүүлэхээр боллоо. Тэд өөрсдийнхөө компаниас болон ард түмнээсээ дэмжлэг авах байдлаар засварыг хийх талаар санал тавьсан юм. Ингээд ССАЖЯ үүнийг дэмжин ажиллахаар боллоо. Монголд хөрөнгө мөнгөтэй хүн олон байна. Тэр дундаа морь, бөхөд байдаг бүхнээ барьж буй олон жишээг бид мэднэ. Магадгүй нь энэ нь тухайн компаний нүүр царай болж, нийгэмд тэдний төлөөлөл болж байгаа нь үнэн юм. Гэхдээ бас соёл, урлагийг дэмжээсэй, тэдний зүрх сэтгэлээс гарсан урлагийн бүтээлүүдийг урамшуулах олон хувь хүн, байгууллага цаашид олон төрнө гэдэгт итгэж байна. Мөн соёл, урлагийг дэмжсэн байгууллагыг татвараас хөнгөлөх, урамшуулах гээд төр засгаас авах арга хэмжээ байвал үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.

 

Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу:

-21-р зууны театрыг зөвхөн уран бүтээлийн өнгө төрхөөс төсөөлж болохгүй юм. Тиймээс орчин үеийн шаардлагад нийцсэн үйлчилгээ явуулахад соёлтой орчин хамгийн чухал болоод байна. Засварын ажлыг санаачлагч байгууллагын хувьд барилгад их засвар хийх, техникийн орчинг өөрчлөх гэсэн шаардлагыг тавьж байна. Мэдээж барилгад их засвар хийгдсэнээр томоохон өөрчлөлт орох юм. Мөн уран сайхны, дуу авиа болон тайзны төхөөрөмж орчин үед нийцсэн техникийн шинэчлэл биднээс шаардаад байна. Тиймээс энэхүү барилгад урьд нь хэсэгчилсэн засвар хийгдэж байсан бол бүрэн хэмжээний их засварыг хараахан хийж амжаагүй байсан юм. Барилгад их засвар хийгдэхээр болсонд туйлын их баяртай байна. Барилгын засварын ажлыг “Супер барилга” ХКК гүйцэтгэх юм. Засварыг хийх хөрөнгө босгогч байгууллагаар “Олуулаа хөгжил” ТББ ажиллах бөгөөд ССАЖЯ дэмжигч байгууллагаар оролцож байна. Төлөвлөгөө ёсоор ирэх оны дөрөвдүгээр сард ажил эхлэх байх гэж итгэж байна.” гэсэн юм.

“Супер барилга” ХХК захирал Ч.Отгонбаяр: 

-Аливаа нийгэмд гэгээлэг зүйлд урин дууддаг газар бол театр билээ. Олон жүжгийг тайзнаа амилуулж, залуучуудад гэрэл гэгээтэй бүхийг өгөөсэй гэсэндээ театрыг засах ажилд оролцож байгаад баяртай байна.

“Олуулаа хөгжил” ТТБ-ын захирал С.Баярсайхан:

-Сүүлийн зургаан жил хөрөнгө босгох ажлыг хийж байхдаа энэхүү ажлын хүндийг ойлгосон. Дэлхий даяар олон нийтийн дэмжлэгээр санхүүжүүлэлт босгох Crowdfunding буюу олуулаа санхүүжүүлэх платформ ажил өрнөж байна. Тухайн төсөл амжилттай болж байгаа нь мэдээллийн технологи үр дүнгээ өгч байгаа юм. Сүүлийн жилүүдэд хөгжингүй оронд энэхүү төсөл маш эрчимтэй хөгжиж байна. Моцарт анх дөрөвдүгээр симфонаа бичиж байхдаа санхүүжилтыг олон нийтээс цуглуулж тоглолтоо хийж байсан түүхтэй. Мөн үүнтэй адилаар 1995 онд Европын рок хамтлаг онлайнаар санхүүжилтээ авч тоглолтоо тавьж байсан юм. Тиймээс бид театраа олон нийтийн санхүүжилтын доор сэргээн засварлах ажлыг хийх гэж байна. Яг энэ зарчмаар 1950 онд энэхүү театрын барилга олон нийтийн санхүүжилтээр босч байсан гэхээр өнөөдөр эргээд харахад нийгэмд ойлгомжтой харагдаж байна. Бид ирэх 11 дүгээр сараас барилгын засварын санхүүжилтыг олох ажлыг эхлэх юм. http://oluulaa.org/pixel/ сайтаар дамжуулан бүх зүйл нээлттэй байх юм. гэлээ.

1950-иад оны эхэнд бариулж, 1960 оны 6 дугаар сард “Залуучуудын ордон” нэртэй ашиглалтад орж байсан театрын барилгыг дахин сэргээн засварлах ажил ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэх юм байна. УДЭТ-ын барилгын засварын гүйцэтгэгч байгууллагаар “Супер барилга” ХХК ажиллах бол хөрөнгийг “Олуулаа хөгжил” ТТБ босгож, ССАЖЯ дэмжин ажиллах юм.

Ч.БОРГИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж