Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр

Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” болгон тунхаглажээ. Энэ жилийн хувьд  “Цэвэр гар амьдралыг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд хялбар арга гэдгийг олон нийтэд ойлгуулах нь хамгаас чухал гэж ЭМЯ-ныхан онцолж байна. Уушигны хатгаа, суулгалт халдвар зэрэг өвчнөөс болж тав  хүртэлх насны 3,5 сая гаруй хүүхэд эндэж байдаг ажээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор 30 секунд тутамд нэг хүүхэд суулгалт халдвараар нас бардаг бөгөөд үүнээс сэргийлэх хамгийн боломжит арга нь гар угаах ажээ.  Гараа зөв угааснаар таваас доош насны хүүхдүүдийн дундах суулгалт халдварын түвшинг 30-50 хувиар, амьсгалын замын халдварыг 21-45 хувиар тус тус бууруулдаг гэсэн судалгаа гарчээ. 

Гараа сайтар савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх гурван хүүхэд тутмын нэгийг, амьсгалын замын халдвар буюу хатгаа өвчнөөр өвдөх зургаан хүүхэд тутмын нэгийг аварч, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг байна. Сүүлийн саруудад дэлхий дахины анхаарлын төвд байж, олон мянган хүний аминд хүрч байгаа Эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусад хүмүүсийг урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь гараа савандаж угаах юм байна.

Эбола вируст халдвар бүртгэгдэж буй улс орнуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, суртачилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалж байна.

Гараа цэвэр байлгах 4 зарчим:

 1. Гараа бохирдох бүрт болон хоол идэхийн өмнө угаах

 2. Гар луугаа бүү ханиа

 3. Гар луугаа бүү найтаа

 4. Гараа нүд, хамар, амандаа бүү хүргэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж