Эрүүл бие саруул ухаан

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Эрүүл бие саруул ухаан

Зүрхээ сайн ачааллуулж, цусаа сайн шахах л юм бол бие бялдрын хувьд эрүүл чийрэг болдог гэсэн өргөн тархсан үзэл байдаг. Гэхдээ заавал ийм байх албагүй юм. Иог, тайчи дасгалуудыг хийх хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь иог гэдэг нь зөвхөн нэг хөлөн дээрээ зогсон мод шиг харагдах гэсэн оролдлого юмуу тайчи нь сонин гаж хүмүүсийн цэцэрлэгт хийдэг дасгал биш гэдгийг батлаад байгаа юм. Эдгээрийг гадаа байгальд, сайхан орчинд хийснээр үр нөлөөг нь улам л хүчтэй болгодог. “Эрүүл бие, саруул ухаан хоёрын дунд маш хүчтэй холбоос байдаг” гэж Их Британийн Сэтгэл Зүйн Холбооны төлөөлөгч, сэтгэл зүйч, профессор Крэйг Махони хэлж байна. “Иог, тайчи, Пилат зэрэг дасгалуудыг хийснээр бидний оюун санаа тайвширч, биеийн эрүүл мэндийг дэмжиж, сайн үр нөлөө үзүүлэгч, биеийг амраах эерэг энерги ялгардаг” гэж тэрээр ярьлаа. Тэгэхээр бид энэхүү оюун санаа болон биеийн дасгалуудыг хийснээр эргээд ямар шагналуудыг хариу болгон авч болох вэ?

 

Стрессийг Нам Дар

Иог болон тайчигаар явсан хүмүүс дасгал, дэглэмийн гайхалтай тайтгаруулагч чанарыг магтан сайшаадаг, судалгаа ч үүнийг нь нотолдог аж. Бангорын Их Сургуулиас гаргасан судалгаагаар иогийн курсд 6 долоо хоног явсан хүмүүс стресст харьцангуй бага өртөж байсан нь нотлогджээ. Мөн 2009 онд явуулсан өөр нэгэн судалгаагаар тайчи дасгалаар хичээллэгсдийн шүлсэн дэх кортизол буюу стрессийн дааврын хэмжээ бага байсан нь нотлогджээ.

“Одоо үед бидний ихэнх нь байнгын дарамттай нөхцөлд амьдарч байгаагаас, бие организм маань зогсолтгүй стрессийн даавар ялгаруулж байна” гэж Британийн Иогийн Хүрд байгууллагын (www.bwy.org.uk) төлөөлөгч Жийнн Рэй хэлээд, “Бид стресстэж эхлэхэд, бидний зүрх илүү хурдан цохилж, амьсгал маань илүү гүехэн болдог. Иог, тайчи, Пилат зэрэг дасгалууд нь амьсгалаа удаашруулахыг бидэнд зааж сургаснаар оюун санаа болон бие маань тайвширч амардаг” гэв. 

Гадаа орчинд бясалгаснаар бидний бие бүр ч ихээр амарч тайвширдаг. Эссэкс Их Сургуулиас явуулсан 2010 оны судалгаагаар ногоон орчинд хийсэн тавхан минутын дасгал л хүний стрессийг тайлдаг гэжээ. Тэгэхээр таны гадаа талбайд хийх иог сунгалтууд, цэцэрлэгт хүрээлэнд хийх тайчи дасгалууд орчин үеийн амьдралын нэг хэвийн урсгалаас таныг холдуулж оюун санааг тань чөлөөлөхөд тусалдаг аж. 

 

Зүрхний Өвчнөөс Сэргийл

Дасгал хөдөлгөөн зүрх судасны эрүүл мэндэд сайн гэдгээрээ алдаршсан билээ. Гэвч өдөр бүр гүйлтийн замыг нүдэж, хэдэн километр гүйх нь таны зүрхээ хамгаалахын тулд хийх ёстой цор ганц зүйл биш аж. Иелийн Их Сургуулийн харъяа Анагаахын Сургуулийн судлаачид долоо хоногт гурван удаа йогийн дасгал хийх нь цусны даралтыг болон зүрхний цохилтыг багасгадаг болохыг тогтоожээ. Мөн 2004 оны хэлэлцүүлгээр тайчи дасгал нь аеробиктэй адил цусны даралтыг хянаж, зүрх судасны системийг бэхжүүлэхэд тустай гэдгийг харуулжээ.

“Стрессийг чөлөөлөх ямар ч дасгал таны цусны даралтыг бууруулснаар таны зүрхийг хамгаалах болно” гэж Британийн Зүрхний Сангийн зүрх судасны ахлах сувилагч Эми Томпсон хэлээд, “Яагаад гэвэл, та бага стресстсэнээр, тамхи татах, спиртэн ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг өөртөө хөнөөлтэй зүйлсээс хол байх боломжтой” гэлээ. Хэрэв та байгалийн орчинд дасгал хөдөлгөөн хийх боломжтой байвал тэр хэмжээгээр таны эрүүл мэндэд илүү сайн гэсэн үг. Хотын төвд алхсанаас цэцэрлэгт алхах нь таны цусны даралтыг илүү хурдан бууруулдаг гэнэ.

 

Дархлаагаа Нэм

Дасгал хийхдээ сунгалт хийж, амьсгалах нь зөвхөн хангалттай биш харин ч бясалгал эрүүл мэндэд тустай гэдгийг судлаачид олж нээсээр байна. Бясалгадаг хүмүүсийн биенээс өвчний эсрэг тэмцэгч эсрэг биетүүд үүсдэг болохыг 2003 онд гаргасан тайланд дурдсан байдаг. “Бясалгалын дасгалууд нь танд өөрийн биеэ танин мэдэж, хяналтыг гартаа авахад тань тусална” гэж Рори Макгилл эмч (plymouthholisticdoctor.co.uk) тайлбарлалаа. “Тэгснээр та биедээ болж буй процесстэй илүү зохицож, ямар нэгэн зүйл болохоо байхад хурдан арга хэмжээ авч чаддаг болох жишээтэй. Энэ нь мөн амрах, хоол боловсруулахад үүрэг гүйцэтгэдэг парасимпатетик мэдрэлийн системийг сэргээж, тэгснээр таны дархлааны системд болон бүхэл биеийн тань эрүүл мэндэд ашиг тусыг өгдөг” гэж тэрээр ярьлаа.

Йог, Пилат зэрэг дасгалууд нь цусны эргэлтийг сайжруулснаар дархлааны системийг сэргээж, хорт бодисуудыг биеэс гадагшлуулах чадварыг биед тань нэмж өгдөг. Мөн л та гадаад орчинд дасгалаа хийвэл танд очих шагнал нь бүр илүү байх болно. 2010 онд Дани улсад хийгдсэн нэгэн судалгаагаар бидний биеийн нарны гэрэлд хариу үзүүлэхдээ ялгаруулдаг Д амин дэм нь дархлааны системийн үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоожээ.

 

Илүү Хялбар Амьсгал

Амьсгалаа хянаж сурах нь бясалгалын дасгалын үндсэн элемент юм. Тэгэхээр энэхүү дасгалыг хийснээр таны уушигны үйл ажиллагаа сайжрах нь дамжиггүй. 2011 онд The Journal of Complementary Medicine сэтгүүлийн гаргасан судалгаагаар тайчи дасгалыг долоо хоногт 2 удаа хийхэд өдөрт нэг цаг алхсанаас илүү таны амьсгалын системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг нь батлагджээ.

“Бид нялх байхдаа бүгд л төгс амьсгалтай байдаг. Гэвч нас ахихын хэрээр бидний биеийн болон булчингийн байдал дорддог. Өрцөө хянах хяналт маань суларч, амьсгалах процесс үр өгөөжөө алдаж эхэлдэг. “Иогийн дасгал хүмүүст хэрхэн амьсгалаа удаашруулж, уушгиа бүрэн ашиглахыг заадаг” гэж Жийн Рэй ярьлаа. 

 

Биеийн Байдлаа Дээрдүүл

Их Британийн Бариачдын Нийгэмлэгийн дүгнэснээр, Англи үндэстэн тэр чигтээ биеийн байдал нь сульдсан гэж гарчээ.Гэвч тайчи, Пилат, йог зэрэг дасгал хөдөлгөөний ачаар бидний бие цэх шулуун болж сайжрах боломжтой аж. Тайчи Юнион нийгэмлэгийн гишүүн Ронни Робинсон “Тайчи дасгал танд биеэ хэрхэн зөв ашиглахыг шинээр заах болно. Эдгээр дасгалууд таны бие болон газар хоорондын холбоосыг илүү мэдрэхэд туслах ба тэгснээр таны бүх бие чинь байх ёстой байрлалдаа орох болно” гэж ярьжээ. 

Шинжлэх ухаан ч энэ онолыг батлаад байгаа юм. Юу вэ гэвэл, 2011 онд хоёр ч судалгаагаар тайчи дасгал тэнцвэрт байдал, хүч тэнхээг сайжруулж, унах эрсдлийг багасгадаг, нурууны өвчин гэх мэтийн асуудалтай эмэгтэйчүүд йогоор хичээллэснээр алхаа гишгээ, тэнцвэрээ сайжруулсан болох нь ажиглагджээ. Гэрээсээ гарч цэцэрлэгт хүрээлэнд хичээллэснээр байгалийн сайханд улам ч илүү үр шимийг харах болно.

 

Хүч Тэнхээгээ Нэм

Эмх замбараагүй яарсан сандарсан ертөнцөд бид бүгд тэр чигтээ ядарч туйлджээ. Кофейн, сахар, согтууруулах ундаа зэрэг сэргээгч чанартай зүйлсийг түрхэн зуурын сэргээшээ болгон найдсанаас, бясалгалын дасгал хийх нь илүү байгалийн замаар хүч тэнхээгээ нэмэх арга юм. Судалгаа ч иог, тайчи, бясалгал зэрэг нь ядаргааг багасгадаг болохыг нотлоод байгаа.

“Бид байнга стресст ордгоос, бидний биеэс кортизол болон адреналин зогсолтгүй ялгарч байдаг” гэж Макгилл эмч тайлбарлалаа. “Үүний үр дүнд бидний зүрх илүү хурдан цохилж, бидний булчин чангарч, амьсгал маань гүехэн болдог ба энэ нь биеийн хамаг л хүч тамирыг сорон авдаг. Бид дасгал хийснээр стрессээ хянаж энэ нь бидний биеийг тайвшруулж, тэгснээр бүхэл бие маань тэр чигтээ илүү сайн ажилладаг” гэж нэмлээ.

Мөн тайвширч, амарч сурснаар бид нойрондоо сайн болдог. Австралид хийгдсэн судалгаагаар йог, бясалгалаар хичээллэхэд, мелатонин буюу нойрны даавар ялгарах нь ихэсч, шөнийн нойр тань сайжирч, өдрийг сайхан угтах хүч тэнхээг танд өгдөг аж.

 

Илүү Уян Хатан Бол

Хэрвээ цэвэрлэгээ хийх, ногооны зэрлэг зулгаах зэрэг ажил хийхэд таны бие хөшиж чилдэг бол ганцхан танд энэ асуудал байгаа юм биш. Бид бүгдийн 80% нь хэзээ нэгэн цагт нурууны өвчнөөр өвддөг. Иог,тайчи, Пилатаар хичээллэснээр бидний бие уян хатан болдог ба энэ асуудалтай тулгарна гэж санаа зоволтгүй болно. Journal of Sports Science & Medicine сэтгүүлийн гаргасан судалгаагаар Пилат дасгал биеийн тэнцвэр, уян хатан байдалд эрс сайжралтыг авчирчээ. Өөр нэгэн судалгаагаар, иогийн дасгал 8 долоо хоногийн дотор л уян хатан байдлыг 35%-иар нэмэгдүүлдэг гэжээ.

“Пилат, иогийн хөдөлгөөнүүдийг хийхэд таны бие сунаж болох бүх цэгүүд хүртлээ сунадаг” гээд Жийн Рэй “Энэ нь таны үе мөч болон булчинг хүчирхэгжүүлж, тэгснээр таны бие улам эрч хүчтэй, уян хатан болж өгдөг” гэж ярьлаа. Мөн 2009 онд American Journal of Physiology сэтгүүлийн гаргасан дүгнэлтээр уян хатан чанараа алдсан биетэй хүмүүсийн артерийн судас хатуурсан байх магадлал өндөр байдаг ба энэ нь зүрхний өвчтэй болоход хүргэдэг гэжээ. Тэгэхээр йогийн дасгал танд зөвхөн гутлаа хялбар үдэхэд тань туслах төдийхэн биш, таны амьдралыг уртасгаж чадах юм.

Эх сурвалж: happyfamily.univision.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж