ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.

Дараа нь Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд тусгажээ.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогтын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэн байна.

Тус байнгын хорооны хуралдаан үдээс өмнө зарлагдсан байсан ч бүлгүүдийн хуралдаантай давхацсан тул тодорхойгүй хугацаагаар хойшилж, ийн үдээс хойш хуралдлаа.


Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой. /Анхны хэлэлцүүлгээр батална/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хараахан эхлээгүй байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж