Монголын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд манай улсад айлчилж, намрын халуун өдрүүдэд температур нэмсэн нь саяхан.
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин айлчлалынхаа үеэр хөдөө аж ахуйн гаралтай зарим барааг 20 жилийн хугацаанд тарифийг тэглэсэн нөхцөлтэйгөөр, хэмжээ харгалзахгүй ОХУ-д нийлүүлэхэд хамтран ажиллана хэмээн мэдэгдсэн нь Монгол Улсын хувьд алдаж болохгүй боломж. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлд зүтгэхээс аргагүй цаг үе ирээд байна.
Тиймээс Ерөнхийлөгч В.Путины айлчлалын араас залгуулан ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж холбогдох албаны хүмүүсийн хамт энэ сарын эхээр Москва хотыг зорьж, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзахдаа экспортолж буй мах, махан болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ногдуулж буй татварыг тэглэх, махны экспортын хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөн ярилцаад ирсэн юм.
Монгол Улсаас ОХУ-д экспортлох зарим бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй тариф тэглэх боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийг энэ онд багтаан байгуулахаар тохиролцжээ. “Монголын экспортлох мах эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангавал нийлүүлж чадах хэмжээгээр импортын зөвшөөрөл, квот өгөхөд бэлэн” гэж Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров тодотгожээ. Энэхүү мэдэгдэлд “эрүүл мах” гэсэн үг илүү хүчтэй сонсогдож байгаа биз. Монголчууд эрүүл бус хүнс, тэр дундаа мах хэрэглэдэг хэрэг үү гэж мөшгиж болохуйц өнцөг эндээс харагдаж байгаа юм. Гадныхан тэр дундаа хөрш орныхон маань Монголын марыг эрүүл бус гэж үзээд байгаагийн гол шалтгаан малын гоц халдварт шүлхий өвчин Монгол Улсын зүүн бүсийн зарим аймгуудад бүртгэгдсэнтэй холбоотой. Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас аюултай гэж зарласан зургаан төрлийн өвчний нэг болох шүлхий өвчин манай улсын зүүн бүсэд гарсан нь ийн цэрвэхэд хүргэсэн. Гэвч өргөн дэлгэр нутагтай манай улсад эл өвчин сүүлийн 10 жил гараагүй, бүр 30 жил шүлхийн нян ч илрээгүй газар нутаг бий. Түүнийгээ дэлхий нийтэд таниулах, шүлхийн өвчлөлгүй бүс нутаг гэдгийг олон улсад зарлуулах ажлыг нэн түрүүн яаравчлах нь чухал байна. Нөгөөтэйгүүр зүүн бүсийн аймаг орон нутагт гарч, улс орнуудыг айлгаад байгаа шүлхий өвчнийг тээгч нь салаа туурайтай цагаан зээр гэдгийг тогтоосон. Монгол, Орос, Хятадын нутгаар дамнан бэлчээрлэдэг энэ амьтан ганц манай улсад өвчний нян тээж ирдэг хэрэг үү. Бодох л асуудал мэт санагдана. Зарим нэг улс орнууд элдэв төрлийн нян тээгчид болоод малын өвчнөө дэлхийгээр нэг дэлгэлгүй нуун дарагдуулж, тэр хэрээр эдийн засагт учирч болох эрсдлээ хамгаалж байдаг юм биш биз гэсэн бодол хэн бүхэнд төрөх нь гарцаагүй. Ямартай ч “Монголын мал эрүүл” гэсэн мессэжийг дэлхий нийтийн түгээхийн тулд Монгол, Орос хоёр улс хамтран ажиллахаар болжээ. “Мал эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ирэх арваннэгдүгээр сард Оросоос экспертийн баг ажиллуулахаар болсон байна. Ирэх онд хоёр аймгийн мал эмнэлгийн лабораторийн оношилгооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван жил дараалан тус бүр 12 сая тун вакцин тусламж үзүүлэх, вакцин тээвэрлэх тусгай зориулалтын автомашинтай болгох, жилд 2-4 малын эмчийг магистр, докторын зэрэгт сургах зэрэг ажлыг эхний ээлжинд төлөвлөжээ.
Малаа эрүүлжүүлээд авлаа гэхэд махаа боловсруулах боломжтой юу гэсэн асуулт гарч ирнэ. Мэргэжилтнүүдийн хувьд үүнд төдийлөн сэтгэл зовохгүй байгаагаа илэрхийлж байна. Эхний ээлжинд ОХУ-д мах экспортлох квотоо тогтоон, хорио цээрийг тэглэж гэмээнэ арын асуудлыг шийдчих зориг зүрхтэй аж ахуйн нэгжүүд бий гэнэ. Юун түрүүн Монгол Улсын төвийн болон баруун бүсээс мах экспортлоход аюулгүй гэсэн итгэл үнэмшлийг хөрш орнууд болоод бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд Засгийн газрын зүгээс хичээл зүтгэл хэрэгтэйг ч тэд үгүйсгэхгүй байгаа юм. Мах экспортлох боломж нээгдмэгц мах боловсруулах үйлдвэрлэл аяндаа хөгжихийн дээр хөрш орнуудад ч Монголын махыг боловсруулах сонирхол бий гэнэ. Бэлчээрийн малын махыг экспортлох тал дээр хамгийн том өрсөлдөгч бол Өвөрмонгол, цаашлаад Австрали улс юм. БНХАУ л гэхэд Өвөрмонголын нутаг дэвсгэрт хэд хэдэн мах боловсруулах үйлдвэрийг байгуулж амжжээ. Тэрхүү үйлдвэрүүд нь зөвхөн Өвөрмонгол төдийгүй хил залгаа Монгол Улсын малын махыг боловсруулан экспортлох хүчин чадалтай гэдгийг бас ил тод зарлаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын экспортод гаргах махыг боловсруулахаар давхар тооцсон гэсэн үг. Одоогийн байдлаар Монгол, Хятадын хилийн боомт дээр мах боловсруулах томоохон үйлдвэр гурвыг байгуулаад байгаа ажээ.
Манай улсын малын дийлэнх олонх нь бог мал. Гэтэл ОХУ болоод евродын улсуудын имппортлох сонирхолтой мах ихэвчлэн бодынх байх жишээтэй. Энэхүү сонирхлыг зөрүүгээс бид бог малын махаа хаана экспортолж болох вэ гэдгийг судлах шаардлагатай болж байгаа юм. Тэгвэл бог малын махыг импортоор авах сонирхол Дундад Азийн улс орнуудад илүүтэй байдаг. Дээр нь Узбекстан, Киргизстан, Казакстан зэрэг орнууд богийн махыг түлхүү хэрэглэдэг. Эдгээр “стан”-ы орнууд болоод Дундад Азийнхан Монголоос мах авах сонирхлоо байнга илэрхийлдэг ч мах нядалгааны технологи зөрдөг нэг гачлан бий. Дундад Азийнхан мал хэрхэн нядалдгийг Баян-Өлгийнхөн сайн мэднэ дээ. Дундад Азийн орнуудын хүссэн технологиор нь малаа нядлаад гаргах бэлтгэлийг хийж эхэлж байтал /2010 оны үед/ малын шүлхий өвчин гарч, т ОХУ-ын зүгээс Монголын салаа туурайт малын махыг өөрийн нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэхийг хориглосон байна. Тиймээс л эхний ээлжинд хорио цээр, квотын асуудлаа цэгцлэх талаар санаачлага гаргахыг Засгийн газраас шаардаад байгаа ажээ. Нэгэнт газраар тээвэр хийх боломжгүй болсон үед онгоцоор мах тээвэрлэх оролдлого хийж үзжээ. Гэвч зардал нь асар өндөр гарч, Дундад Азид мах экспортлох асуудал бүтэшгүй мөрөөдөл болсон байх юм.
Монгол мах амттай гэж дэлхий нийтээрээ шуугидаг ч импортлохгүй байгаагийн шалтгаан үнэ ханшид байгаа юм биш үү гэсэн хардлага бас бий. Хичнээн органик байлаа ч хэт өндөр үнэтэй бол борлуулалтад сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Тиймээс бид монгол мах дэлхийн зах зээлд үнийн хувьд өрсөлдөх боломжтой юу гэсэн асуултыг ҮХАА-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалд тавьсан юм. Тэрбээр хэлэхдээ “Манай улсад хамгийн ойр өрсөлдөгч зах зээл нь Өвөрмонголын хагас бэлчээрийн аж ахуй байдаг. Тэнд 6-8 сартай нэг хурга амьдаараа 600-800 юанийн үнэтэй байдаг. Үүнийг төгрөгөөр тооцвол 180-240 мянгна төгрөг гэсэн үг. Гэтэл манайд хурга 60-80 мянган төгрөг байдаг. Ижил чанартай бүтээгдэхүүн хөрш зэргэлдээх орноос 2-3 дахин хямд байгаа нь эндээс харагдаж байгаа биз дээ. Нөгөөтэйгүүр дэлхий дээр бэлчээрийн мал аж ахуйг сонгодог хэлбэрээр нь хөгжүүлж буй нь Монгол Улс. БНХАУ-ын Өвөрмонгол болон Узбекстан, Казакстан зэрэг “стан”-ы улсууд, Африкийн зарим орон бэлчээрийн мал аж ахуйтай ч манай улс шиг өргөн дэлгэр хөгжүүлж буй нь цөөн юм. Суурин маллагаатай, эрчимжсэн мал аж ахуйтай бэлчээрийн мал аж ахуйг зүйрлэх нь өрөөсгөл санагддаг. Тэдгээр улс орнуудад мах бэлтгэл, үйлдвэрлэлийг байнгын, тасралтгүй явуулдаг бол манай улсын хувьд жилд ганц удаа их хэмжээгээр мах бэлтгэл хийдэг. Тиймээс экспортын бодлогоо боловсруулахдаа ч эдгээрийг анхаарч байгаа” хэмээн хариулж байна.
Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж дэлхий нийтээрээ хошуурч байгаа энэ л цаг үед монгол малын махыг улсынхаа гол брэнд бүтээгдэхүүн болгох боломжийн төлөө маркетингийн шинэ алхам үгүйлэгдээд байна биш үү. Дэлхийн өнцөг булан бүрт хүрчихээд байгаа Австрали, Шинэ Зеландын махнаас монгол мах илүү юү гэхээс дутуугүй. Тиймээс хөрш орныхон нааштай амлалт өгч байгаа дээр нь өөрсдөө санаачлага гаргахаас аргагүй нь.
Д.ЦЭЭНЭ