МАН түр завсарлаж, эвсэл хурлаа өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

МАН түр завсарлаж, эвсэл хурлаа өндөрлөв

Засгийн газраас нэр бүхий гурван сайдын нэрийг өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг тус бүр ээлжит бусаар хуралдлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн үдээс өмнөх хуралдаан ширүүн уур амьсгалд болжээ.

АН-ын зүгээс Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг нэр дэвшүүлсэн, үүнтэй холбоотойгоор бүлгийн гишүүд асуудал хөндөж, нэг хэсэг нь дэмжиж, нөгөө хэсэг нь дэмжихгүй хэмээн хоёр талцсан тухай мэдээлэл байна. Тус бүлэг АН-аас нэр дэвшүүлсэн сайд нарын тухай нэг бүрчлэн ярилцсан ч саналаа нэгтгэж чадаагүй тул үдээс хойш үргэлжлүүлж хуралдахаар болжээ.

Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн хувьд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад бүлгийн дарга Н.Батцэрэгийн нэр дэвшүүлснийг 100 хувь дэмжсэн байна. Тус бүлгийн хуралдаан өндөрлөсөн ч албан ёсоор мэдээлэл хийсэнгүй.

Төрийн ордонд жиргэх "бор шувуу”-гаар бол УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагвыг сайдаас нь чөлөөлж, оронд нь Ц.Шаравдоржийг нэр дэвшүүлэхээр МАХН дотооддоо ярилцаж эхэлсэн тухай яриа байна. Сангийн сайд Ч.Улааныг чөлөөлөх учраас Шадар сайд Д.Тэрбишдагвыг ч өөрчлөх шаардлагатай гэсэн байр суурь МАХН-ын гишүүд дунд нэлээд эрчээ авчээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж