НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд үг хэлэв

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож буй Засгийн газрын төлөөлөгч, ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын зөвлөх О.Энхцэцэг Гуравдугаар хорооны нэгдсэн хуралдаанд эмэгтэйчүүдийг чадавхижуулах асуудлаар үг хэлсэн бөгөөд тэрээр жендэрийн мэдрэмжтэй зорилтуудыг 2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөрт тусгахын чухлыг онцлон тэмдэглэв. 

Эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендэрийн тэгш байдлыг хангах тухай Бээжингийн Тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсанаас хойшхи 20 жилийн хугацаанд олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт,  шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо тодорхой хэмжээнд нэмэгдсэн хэдий ч цаашид илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг тэрээр онцлов.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий "Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр"-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгааг мөн танилцуулав. Хүн амын хөгжлийн асуудлаарх төрийн бодлого, Нөхөн үржихүйн үндэсний 3 дугаар хөтөлбөр, Эх, нялхсын эндэгдлийг бууруулах 2 дугаар хөтөлбөр зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэний дүнд эх, нялхсын эндэгдэл эрчимтэй буурч ирснийг тэрээр мөн цохон тэмдэглэсэн байна.  

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж