Сайн, муу хосолсон есдүгээр сар

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Сайн, муу хосолсон есдүгээр сар

-ҮСХ-ноос гаргасан судалгаагаар нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайн, муу хосолмол байдалтай байна-

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ сар бүр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг судлан тайлагнадаг бөгөөд өнгөрөгч есдүгээр сарынхыг нийтэд мэдээлсэн юм. Өнгөрөгч есдүгээр сарын хувьд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд огцом өөрчлөлт гараагүй ч иргэдийн амьдрал, улсын ашиг орлогод нөлөөлсөн сайн, муу хосолсон үзүүлэлттэй гарлаа. Ийнхүү үүнээс голлох нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг онцолъё.

Хоёр оронтой тооны дасал болсон инфляци

Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлэгдэх инфляци өнгөрсөн сард мөн өссөн байна. Тодруулбал, улсын хэмжээнд инфляци есдүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувь, оны эхнээс 8.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.0 хувь болж өсчээ. Сарын өмнөхөөс 0.7 хувиар өсөхөд  ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 1.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.  Орон нутгийг тусад нь авч үзвэл, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Дундговь аймагт хамгийн их өссөн бол Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл аймагт буурчээ.  

Инфляцийн зорилтот төвшин найман хувь ч өнөөгийн нөхцөл байдалд инфляци 13 хувьтай байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд инфляцийн төвшин хоёр оронтой тоонд ийнхүү  хэлбэлзэж дасал болсон бөгөөд энэ хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар муудсаар байна.

Бүртгэлтэй ажилгүйчүүд  нэмэгдсээр

 Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2014 оны есдүгээр сарын эцэст 47.6 мянга болсны 26.1 мянга нь эмэгтэйчүүд байгааг статистикчид дуулгав. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.9 мянга нь ажилгүй иргэд бөгөөд үлдсэн нь ажил эрхлэнгээ өөр ажил хайж буй иргэд юм байна. Энэ оны есдүгээр сарын байдлаарх бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог жилийн өмнөхтэй харьцуулахад 3.7 мянган хүн буюу 9.9 хувиар буурсан бол өмнөх сарынхаас 998 хүн буюу 3.0 хувиар өссөн байна.

 Бүртгэлтэй ажилгүйчүүдийн дийлэнх нь бүрэн дунд болон бакалаврын зэрэгтэй иргэд ажээ. Насны ангиллаар авч үзвэл,  67.3 хувь нь 15-34 насны залуучууд байгаа бөгөөд энэ үзүүлэлт Улаанбаатар хот,  Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Дундговь, Увс, Баянхонгор, Төв, Булган, Орхон, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.4-13.1 пунктээр илүү байна. Өөрөөр хэлбэл, нийслэл хот болон эдгээр аймгуудад жинхэнэ хийж бүтээх насан дээрээ яваа залуус ажилгүй цаг хугацааг өнгөрүүлж буй нь харамсалтай.

Гадаад худалдааны алдагдал багасч байна

Энэ жилээс эхлээд Монгол Улс гадаад худалдаанаас хүлээх алдагдал багасч байгаа. Тодруулбал, энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улс нийт 129 оронтой  худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8068.1 сая ам.долларт хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 4021.8 сая ам.доллар, импорт 4046.2 сая ам.доллар байжээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөхөөс 144.9 сая ам.доллар буюу 1.8 хувь, экспорт  924 сая ам.доллар буюу 29.8 хувиар өссөн бол импорт 779.2 сая ам.доллар буюу 16.1 хувиар буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний есөн сард 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2014 оны эхний есөн сард 24.4 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1703.2 сая ам.доллараар буурчээ. Үүнээс харахад тэрбум ам.доллараар тоологдож байсан гадаад худалдааны алдагдал есдүгээр сард 24 сая ам.доллар болчихоод байна. Энэ нь импорт, экспортын зөрүүнээс үүдэх алдагдал бөгөөд мэдээж ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш суларсан тул гаднаас импорт хийх нь багассан гэсэн тайлбарыг худалдааны салбарынхан өгсөн.

Ийнхүү дотооддоо ихийг үйлдвэрлэж, экспортын ашиг олон импортыг багасгаж байгаа сайн тал ажиглагдах ч  дотоодод төгрөгийн худалдан авах чадвар муу, инфляцийн төвшин өндөр байна. Мөн улсыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцох эрч хүчтэй насан дээрээ яваа залуус ажил, орлогогүй байна. Нийгэмд ажлын байр бий болдог ч зах зээлд эрэлттэй мэргэжлээ сонгоогүй, дээр хэлсэнчлэн бүрэн дунд болон  бакалаврын боловсролын зэрэгтэй иргэд ажилгүйчүүдийн эгнээнд алхаж явна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж