Оюутолгойн санхүүжилтээр хичээлийн байраа өргөтгөжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Оюутолгойн санхүүжилтээр хичээлийн байраа өргөтгөжээ

Хөдөлмөрийн яамны харьяа Өмнөговь аймаг дахь  Политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, дотуур байрыг шинээр барьж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгөв. Энэхүү байгууламж нь хийн шингэн, цахилгаан, гагнуур, хүнд машин механизм, хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааны сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий 180 оюутан хичээллэх анги, дадлагын хоёр танхимтай хоёр давхар хичээлийн байр, 108 оюутны дотуур байр, цахилгаан хангамжийн дэд өртөөний барилгаас бүрдэж буй юм. Энэ бүх бүтээн байгуулалтын зардлыг “Оюу толгой” компани санхүүжүүлжээ. Коллежийн барилгын нээлтийн үеэр  “Оюу толгой” компанийн Ирээдүйн мэргэжилтэн бэлтгэх асуудал хариуцсан менежер Керн Вон Хаген “Монгол залуусыг энэ сургууль олон улсын стандартад нийцсэн мэргэжилтэй ажилтан болгож гаргана гэдэгт найдаж байна” гэж онцлов. Харин Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун “Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтаар Политехник коллежийн хичээлийн байрны өргөтгөл, дотуур байр баригдаж, нээлтээ хийж байгаа нь Өмнөговь аймгийн түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо” хэмээн хэллээ. 

“Оюу толгой” компани 2010 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай  Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх харилцан ойлголцлын санамж бичиг

байгуулсан билээ. Уг санамж бичгийн дагуу 2011-2014 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд  Налайхад Техник, технологийн жишиг сургууль байгуулж,  Даланзадгад, Чойр, Дархан хот дахь МСҮТ-ийг өргөтгөн шинэчилж байгаа юм.  Үүний зэрэгцээ  орон нутгийн зарим МСҮТийг сургалтын төрөл бүрийн тоног төхөөрөмжөөр хангажээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж