Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам захиалгаар “Зөгийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөгийн үүр хайрцаг, эх зөгий, зөгийн бүлэнцэр зэргийг инпортлон нийлүүлэх ажлыг “Агро трейд импекс” ХХК гардан хийсэн байна. Энэ дагуу ОХУ-ын Башкирийн БНУ-ын зөгийн эрдэм шинжилгээний төвөөс 800 бүл зөгий, 800 үүр хайрцаг, 500 эх зөгийг оруулж ирсэн талаар албаныхан мэдээллээ.
ҮХАА-н сайдын 2014 оны есдүгээр сарын 18-ны А/101 тоот тушаалын дагуу зөгийн аж ахуй эрхэлдэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 200 бүл зөгий, 200 үүр хайрцагийг, Төв аймгийн Баянчандмань суманд 400 бүл зөгий, 400 үүр хайрцагийг, Улаанбаатар хотод 200 бүл зөгий, 200 үүр хайрцаг, 500 эх зөгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон байна.
Монголчуудын зөгийн аж ахуй эрхэлж байсан туршлагаас дурдахад, зөгийн аж ахуй нь уламжлалт аж ахуй болон хөгжөөгүй боловч түүний бүтээгдэхүүнийг өнө эртнээс ашиглаж ирсэн баримт байдаг ажээ. 1959 онд Монголын мэргэжилтэн Б.Жамц Буриадаас анх 20 бүл зөгийг Сэлэнгэ аймгийн Шаамарт авчирч нутагшуулснаар орчин үеийн зөгийн аж ахуйн суурийг тавьжээ. Үүнээс хойш балт зөгийг манай орны ойт хээрийн бүс нутгийн Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Увс, Ховд зэрэг аймгуудад үржүүлэх болсон байна.
Монгол оронд зөгий үржүүлж буй байдлаас үзэхэд нэг бүл зөгийнөөс жилд 7-14кг хэрэгцээний бал авч байгааг салбарынхан хэлсэн. Монгол орны ихэнх нутагт балт ургамлын нөөц сайтай учраас зөгийг үржүүлж өндөр ашигтай салбар болгон хөгжүүлэх боломжтой ажээ. Манай улсад 5- 7 сая бүл зөгий үржүүлэх бэлчээрийн нөөцтэй, хээрийн ойт хээрийн бүсэд 43 овгийн 230 гаруй зүйлийн амтат, шүүст, тоост ургамал ургадгийг тогтоосон байна. Социализмын үед хээрийн 20 гаруй газар 2000 гаруй бүл "нисдэг сүрэгтэй» болсон. Үүнээс жилдээ 400 гаруй бүл зөгий шинээр гаргаж, 10—18 т бал хураан авч байсан бөгөөд бас зөгий үржүулдэг эрдэм шинжилгээний байгууллагатай үржлийн ферм,таваарын ферм, хөдөө аж ахуйн шинэ салбар болон хөгжжээ. Дорнод талын бүсийн эрдэм шинжилгээний нэгдсэн станц анх байгуулагдаж, Халх голын хязгаар нутгийг эзэмшиж эхэлснээс хойш 1965 онд Шаамарын жимс, жимсгэний төв станцаас 25 бүл зөгий худалдан авч зөгийн бал үйлдвэрлэж эхэлжээ. Энэ үеэс хойш Дорнодын тал нутагт зөгийг өсгөн үржүүлж ашиг шимийг ашиглах боломжтой болохыг нотолсон байна.
Зөгий үржүүсэн сүүлийн 23 жилд нийт 23724 кг товарын бал хураан авсан бөгөөд хамгийн их бал авсан жил нь 1970 онд 77 бүл зөгийнөөс 1650 кг бал авч нэг бүлээс 21.4кг, 1977 онд 60 бүл зөгийнөөс 1350 буюу нэг бүлээс 22,5 кг бал хураан авч хамгийн дээд амжилтыг тогтоосон байна. Үүнээс үзэхэд Халх гол орчмын нутагт зөгийг өсгөн үржүүлж арвин их бүтээгдэхүүн авах боломжтой нь харагдаж байгаа гэнэ. 1988 оноос Шаамарийн зөгий үржүүлгийн газраас 200 бүлэнцэр, мөн Чита мужийн Ивановка тосгоноос 45 бүлийг нүүлгэн авчирч, 1989 онд 250 бүл зөгийн өвөлжөөг аж ахуйн аргаар ашиглалтанд оруулжээ.
Б.МИШЭЭЛ