Ц.Нямдорж: Хор явж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Хор явж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 78.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ сайд нарын нэрийг давхар мэдүүлээгүй нь хугацаа алдах, энэ хооронд цаг хожиж хор найруулах, эцсийн дүндээ үүрэг гүйцэтгэгч сайд томилох нөхцөл байдал руу түлхэж байна гэдгийг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Баярцогт нар хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Асуудлыг савируулж оруулж ирж хугацаа алдаж байна, ордны хуйвалдааныг удаан хугацаанд хийж байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийнхэн бүгдээрээ алга. Энэ юу болоод байна вэ. Ардчилсан намын гишүүд та нар хэнийгээ яаж унагаах вэ гэдэг хор найруулаад долоо хонож байна. 1996 онд ийм байдлаар та нар бие биенээ татаж Засгийн газраа дөрвөн удаа унагаасан. Шантааж явж байна, тендэр авах, банкнаас зээл авах хуйвалдаан хийдэг ш дээ, та нар. Монголын төрийн хордуулдагаа хэзээ болих вэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө өргөн мэдүүлээд асуудлаа шийдүүлж болох байсан. Одоо дахиад сайд нарын нэрийг мэдүүлнэ гээд хугацаа алдах нь. Улсын нэгдсэн төсвийг буцаах шаардлага байна, Э.Бат-Үүл чарлаад эхлээ биз дээ.

Наанаа худлаа шударга юм ярьж, монгол төрийн гал голомтыг самарч байна. Бие даагчид, Шударга ёс эвслийнхнээр Монгол төрийн гал голомтыг самруулж дуусгаж байна” гэсэн юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна. Энэ хооронд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирэх юм.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж