Ж.Батзандан: ЗГХЭГ-т бичиг үсэг тайлагдсан хүн байна уу

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: ЗГХЭГ-т бичиг үсэг тайлагдсан хүн байна уу

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн барьсан бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцсэн юм. Гэсэн ч уг асуудал гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тодруулбал, бүрэлдэхүүн оруулж ирэхдээ сайд нарын нэрс оруулж ирээгүй учраас ийнхүү гишүүд бухимдсан юм. Ингээд хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

Ж.Батзандан: Засгийн газрын оруулж ирсэн бүтэц, бүрэлдэхүүн зүгээр л косметик засал

-Бид нэг ажлыг гурван удаа хийх гэж байна. Бүтцийг баталсан, бүрэлдэхүүнийг батална, дараа нь сайд нарыг томилох нь. Ер нь бичиг баримт боловсруулдаг, бичиг үсэгт тайлагдсан хүн хэрэг эрхлэх газарт  байна уу. Оруулж ирсэн төслөө нэг харчих. Нуль алдаа. Бид Засгийн газарт косметик засал хийж макс зүүгээд өнгөрөх гээгүй.

Засгийн газарт муу ажиллаж байгаа сайд нарт хариуцлага тооцох тухай л ярьж байгаа. Ажлаа сайн хийсэн учраас зарим яамдыг татан буулгаж байгаа гэж худал ярихаа та нар зогсоох хэрэгтэй. Сар болгон хууль зөрчдөг Хууль зүйн сайдтай, стандартын шаардлага хангахгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг Эрүүл мэндийн сайдтай байх юм уу. Спортоо дэмждэггүй спортын сайд байх ёстой юм уу.

Эдийн засгийг дампууруулдаг Эдийн засгийн хөгжлийн сайдтай байх ёстой юм уу. Ийм байдлаар хол явахгүй. Засгийн газрын оруулж ирж байгаа бүтэц, бүрэлдэхүүн бол зүгээр л косметик засал. Максныхаа өнгийг л сольж байгаа хэрэг. Бид шинэчлэл хийх гэж байгаа суурь шинэчлэл хийх хэрэгтэй. Гүн гүнзгий өөрчлөлт хийх хээргтэй. Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин, Ч.Сайханбилэг шиг сайд Америкт байсан бол 100 дахин огцорсон байх байлаа. Тэгэхээр та бүхэн ажилдаа хариуцлагатай ханд, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор.

 

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж