2019 оны ДАШТ-д оролцох боломж сагсчдад бий

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

2019 оны ДАШТ-д оролцох боломж сагсчдад бий

“Инчёон-2014” Азийн Наадамд манай сагсан бөмбөгийн баг тамирчид маш том амжилт үзүүлж, багийн спорт Монголд өндөр хөгжих боломжтойг батлан харуулсан.

Энэхүү бахархам том амжилт нь тамирчдын тогтмол бэлтгэл сургуулилт, сүүлийн 2 жилийн зөв менежмент, зөв бодлоготой, өрсөлдөөнтэй дотоодын лигийн тэмцээн, лигийн 7 багийн эзэд, ивээн тэтгэгчид, багаас нь сагсан бөмбөг зааж сургасан багш дасгалжуулагчид, шүүгч нар, сагсан бөмбөгийн төлөө хөлс хүчээ зарцуулсан бүх хүний оролцоотой амжилт юм.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/ 2014 он гарснаар Инчёоний Азийн наадамд оролцох эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын бүх зардлыг гаргаж, бэлтгэл сургуулилалт хийх бүх нөхцөл бололцоог ханган ажиллахад бэлэн байсан. Гэхдээ бидний зүгээс шигшээ багийн сэтгэл зүй, гаргаж болох сайхан амжилтыг бодолцсны үүднээс, хэрүүл, тэмцлээс зайлсхийн зөвхөн амжилтын төлөө буулт хийсэн юм.

Азийн наадамд оролцох шигшээ баг тамирчид, бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоо тааруу байсан тул, МҮСБХ-с зардал гарган, тусалж дэмжих хүсэлт баг тамирчдаас ирж байлаа. Үүнд МҮСБХ бэлэн гэдгээ илэрхийлж, эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын замын зардал, витаминжуулалт болон цалин олгон оролцуулах боломжтой гэдгээ мэдэгдэж төсөв батлуулсан. Гэсэн ч тамирчдыг бидэнтэй холбогдохыг тас хориглон, тамирдыг бидэнтэй харилцахыг хориглосон.

МҮСБХ нь байгуулагдсан цагаасаа тамирчдын таатай, өндөр түвшинд тоглох нөхцөл бололцоогоор ханган ажиллахыг хичээж байна.

Энэ ч утгаараа 2013 онд ОХУ-ын Казань хотод болсон Дэлхийн Оюутны Универсиад их наадамд эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг бүтэн бүрэлдэхүүнээр оролцуулж тамирчдаас ямар ч зардал гаргаагүй ба нийт 120 гаруй сая төгрөгийг МҮСБХ болон Ерөнхийлөгч С.Эрдэнэ гарган оролцуулсан. Улмаар манай залуус дэлхийн сагсан бөмбөгийн томчууд Серби, Румын, Герман, Мексик, Норвеги, Чех гэх мэтчилэн топ багуудтай өрсөлдөн, улмаар шигшээ 16-н шатанд БНСУ-н хамт шалгарсан Азийн 2-хон багийн нэг болсон. Шигшээ 16-н шатанд Германы багийн хожсон бол АНУ-ын багтай тоглох хүртэл амжилт гаргасан. Ингэснээр зөвхөн Азийн түвшинд тоглодог байсан бид Дэлхийтэй танилцаж маш их туршлага хуримтлуулсан. Одоо мөн ирэх 11 сарын 4-7-ны хооронд Тайвань улсад болох Азийн Оюутны Аварга Шалгаруулах тэмцээнд 40 гаруй сая төгрөгийн зардалтайгаар оролцохоор, бэлэн болоод байна.

Үндэсний супер лигт олон тооны, өндөр түвшний легионер тоглогчид хүрэлцэн ирж, манай залуустай өрсөлдөж, нэг багт туршлагаа хуваалцаж, мөн Fiba-н өндөр зэрэглэлийн 2-3 шүүгчид ирж лигийг шүүдэг. Энэ жил ч мөн 8 багтайгаар, Үндэсний Супер Лигийн тэмцээн ирэх 11 сарын 10-нд нээлтээ хийнэ. Энэ улиралд NBA-н “D LEAGUE”-н ур чадвар өндөртэй 6-10 тоглогч, мөн эмэгтэй 6 легионер тоглогч ирэх гэж байна.

Энэ нөр их хөдөлмөрийн үр шимээр манай шилдэг тамирчдын ур чадвар огцом сайжирсныг Азийн наадамд тоглосон БНСУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч гайхан магтаж “Монголын шигшээ баг нэг жилийн дотор өдөр, шөнө шиг ялгаатай болжээ. Монгол бол амжилтаар цангасан өлсгөлөн чононууд” гэж онцлон хэлсэн юм.

Мөн МҮСБХ байгуулагдсан цагаасаа эмэгтэй сагсан бөмбөгчдөө дэмжин ажиллаж, үргэлж анхаарлаа хандуулж ирсэн. Манай улсад эмэгтэй сагсан бөмбөг орхигдон, тогтмол лигийн тэмцээн болдоггүй байсан. Харин бид эмэгтэйчүүдийн Спрайт лигийн тэмцээнийг сүүлийн 6 жил тогтмол зохион байгуулж, эмэгтэй тамирчдаа тогтмол лигийн тэмцээнтэй, бэлтгэлтэй байлгаж байлаа. Энэ бүхэн Азийн наадамд оролцсон эмэгтэй шигшээ баг 8-р байранд орсон амжилт гаргасантай салшгүй холбоотой.

Мөн эмэгтэй сагсан бөмбөгчдөө 2013 онд анх удаа Дэлхийн Универсиад наадамд оролцуулж, ОХУ, Польш, Швед, Бразил, Финлянд гэсэн дэлхийн шилдэг багуудтай өрсөлдсөн юм. Энэ бол багш дасгалжуулагч, багийн спонсорууд, лигийг ивээн тэтгэгч зохион байгуулагчдын хамтын бахархам амжилт юм. Мөн энэ жил эмэгтэй дээд лиг, Үндэсний Супер Лигийн тэмцээнийг, 6 баг, легионер тоглогчидтой хийхээр ажиллаж байна.

ОУ-ын томоохон тэмцээнд оролцох нь маш чухал, оролцож, туршлага хуримтлуулж байж, ирээдүйн том амжилт гаргах билээ. МҮСБХолбооны үндсэн хамгийн гол зорилго бол Монголын сагсан бөмбөгийг Тив, Дэлхийн түвшинд гаргах юм.

Монголын сагсан бөмбөг Ази тив, Дэлхийд хүчтэйгээр гарч ирсэнээ зарлан тунхаглалаа. Одоо бид энэ гайхалтай хөгжлийн төлөө хоорондоо өрсөлдөх биш, хамтдаа эв нэгдэлтэйгээр, зөв бодлого, менежменттэйгээр нэгдэн нийлэхэд бэлэн байна. 2019 онд Филиппинд болох ДАШТ-нд оролцох боломж бидэнд байгаа !!!

Хийе гэсэн хүн аргыг олдог, хийхгүй гэсэн хүн шалтаг олдог !!!

Монголчууд эвтэй байхдаа ХҮЧТЭЙ байсан үе бидэнд бий!!!

Эх сурвалж: https://www.facebook.com/MonNBA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж