&#34Допингийн төрлийн бэлдмэлийг эмийн журмаар хэрэглэсэн гэсэн&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

&#34Допингийн төрлийн бэлдмэлийг эмийн журмаар хэрэглэсэн гэсэн&#34

Ардын хувьсгалын 93, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойн баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс хоёр бөх нь допингийн төрлийн эм хэрэглэсэн болохыг тогтоолоо. Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж мэдээлэл хийсэн юм.

-Допинг хэрэглэсэн гэх хоёр бөхийн нэрийг 90 хоногийн дараа зарлаж байгаад бухимдах хүн олон байна. Энэ хооронд хэвлэлээр янз бүрийн ташаа мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлсэн. Хугацаанд нь зарлаж болоогүй юм уу?

-Жил жилийн наадмаар тав давсан буюу шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг болоод удаж байна. Энэ жил шөвгөрсөн 16 бөх бүгд допингийн шинжилгээгээ хэл амгүй өгсөн. Хэрэв хэн нэгэн бөх шинжилгээ өгөхөөс татгалзвал тухайн бөхийг сэргээш хэрэглэсэн гэж үздэг. Шөвгөрсөн бөхчүүдээс хоёр саванд шинжилгээ авсан байгаа. Тэгээд олон улсын олимпийн хороогоор баталгаажуулсан лабораторит энэ бөхчүүдийн шинжилгээг хүргүүлж хариуг заасан хугацаанд нь авсан байдаг. Зөөвөрлөлтийн явцад хэн нэгэн гадны итгээд тэр шинжилгээнд хүрэх болон өөрчлөх ямар ч боломжгүй юм. Бид эхлээд допингийн шинжилгээний “А” сорьцыг БНСУ-д илгээсэн. Эндээс сөрөг хариу гарсан тохиолдолд тухайн хэрэглэсэн гэх бөхөд албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Тэгээд тухайн бөх үүнтэй санал нийлэхгүй бол “Б” сорьцоо шалгуулах хүсэлтийг тавих эрхтэй. Энэ гомдлыг бид 30 хоногийн хугацаанд хүлээх үүрэгтэй.

-Хэд хоногийн өмнө гурван бөхөөс допинг илэрлээ гэж гадуур шуугисан. Гэтэл одоо яагаад хоёр бөхөөс допинг илрэх болов?

-Энэ жилийн наадамд тав давж шөвгөрсөн улсын начин Б.Суманчулууны 22826940 дугаартай сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн. Түүнчлэн улсын начин Н.Адьяабатын өгсөн 2826916 дугаартай шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрлээ гэсэн албан бичгийг бидэнд өгсөн. Энэ хоёр бөх “А” сорьцны хариугаа хүлээн зөвшөөрөөгүй тул “Б” сорьцыг БНСУ руу явуулсан. Тэгээд “Б” сорьцоос мөн л сөрөг хариу гарсан. Монголд допингийн шинжилгээг тогтоох лаборатори байхгүй болохоор Солонгост шинжилгээгээ явуулж хугацаа алдсан тал бий. 

-Допинг илэрсэн гээд байгаад хоёр бөх та бүхэнтэй уулзаад, юу ярих юм?

-Тэд хэлэхдээ наадмын өмнө бэртсэн, тэгээд бэртлээ илааршуулах зорилгоор эм хэрэглэсэн гэдгээ хэлж байна лээ.

-Хэд хоногийн өмнө Б.Суманчулуун, Н.Адьяабат нараас арай өөр нэр дуулдаж байсан л даа?

-Олон улсад итгэмжлэгдсэн лабораториос лацтай савны баталгаажсан хариуг би хэлж байна. Өнгөрсөн жил допингийн хариу гарсантай холбогдуулан нэг сэтгүүлч өнөөх шинжилгээ хийсэн лабораторийн хариуг өөрийн биеэр шалгаж байсан удаатай. Ингэж шалгах эрх нь хэнд ч нээлттэй. Түүнээс биш бид тэр шинжилгээний хариуг нууж хаах боломжгүй.

-Танай холбооноос бөхчүүддээ ямар эм хэрэглэж болох, болохгүй талаар зөвлөгөө өгдөг үү?

-Допинг 2002 оны наадмаар анх гарсан байдаг. 12 жилийн хугацаанд бөхчүүд энэ талаар хангалттай судалж мэдэх хугацаа бодож байна. Хэрэв бөхчүүд наадмын өмнө бэртэж гэмтвэл допингийн эсрэг төвд хандаж ямар эм хэрэглэж болох вэ гэдгээ асууж лавлах боломжтой. Гэвч тэгээгүйгээс өнөөдөр барилдах эрх, гаргасан амжилтаа хасуулахад хүрч байна.

-Тэд яг ямар эм хэрэглэсэн бэ?

-Наадмын өмнө улсын начин Н.Адьяабатын өвдгөн дээр хатиг гарчихаж. Мөн улсын начин Б.Суманчулууны булчин задарчихсан гэсэн. Тэгээд эмийн журмаар тэр илрээд байгаа эмийг хэрэглэж л дээ.

-Допингийн шинжилгээний төлбөрийг хаанаас гаргадаг вэ?

-Баяр наадмын төсвөөс гаргадаг. Нэг бөхийн шинжилгээг 300 ам.долларт багтаадаг.

-Допинг хэрэглэсэн Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын цол чимэг, барилдах эрхийг хасах уу. Тэдэнд унасан хоёр бөхийн чимгийг сэргээх үү?

-Энэ баяр наадмын зохион байгуулах хорооны шийдэх асуудал. Дүрмээрээ бол баяр наадмын зохион байгуулах хороо 14 хоногийн хугацаанд зарлахгүй бол олимпийн хороо мэдээллийг хүргэх үүрэгтэй. Тэгээд олимпийн хороо мэдээлэл өгөх боломжгүй гэж үзвэл Үндэсний бөхийн холбоо эцэслэн мэдээлэх үүрэгтэй. Одоогоор тэдний асуудлыг яаж шийдэхийг би хэлж мэдэхгүй байна. Юутай ч тэдэнд унасан дархан аварга Г.Өсөхбаяр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нарт чимэг нэмнэ гэдгийг би мэдэж байна. Допингийн талаархи асуудлыг 2-3 байгууллага шат шатны дамжлагаар хэн хэнээ харж суусаар зарим хүнд хардлага төрүүлээд байгаа хэрэг. Ирэх жилээс Үндэсний бөхийн холбоо дангаараа энэ асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргана гэвэл цаг хугацаанд нь зарлаж болох юм.

Д.ЖАВХЛАН

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж