Өөрчлөлт оруулах тухай саналыг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Өөрчлөлт оруулах тухай саналыг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.10.13/ өргөн барилаа.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яамтай ажиллахаар Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Уул уурхайн яамыг Уул уурхай, эрчим хүчний яам болгож өөрчилсөнтэй уялдуулан Засгийн газрын бүрэлдэхүүнд Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Уул уурхай, эрчим хүчний сайд байх өөрчлөлт оруулахыг санал болгож байгааг танилцууллаа. Дээрх өөрчлөлтийг оруулснаар Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд болон 14 сайдын бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болж байгааг танилцуулав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж