Дунд масштабын геологийн зураглалаар нутаг дэвсгэрийг бүрхжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Дунд масштабын геологийн зураглалаар нутаг дэвсгэрийг бүрхжээ

-Монголд геологийн салбар үүсч, хөгжсөний 75 жилийн ой тохиож байна-

Монголд геологийн салбар үүсч, хөгжсөний 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуралд Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогыг хэлтсийн дарга Б.Баатарцогт, Монголын геологийн, Үйлдвэрлэлийн геологчидийн холбоо зэрэг салбарын мэргэжлийн холбоодын удирдлагууд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр салбарын түүхэн туршлага болон тэмдэглэлт ойн хүрээнд хийх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

1939 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монголын геологийн алба байгуулагдан хөгжих эхлэл тавигдсанаас хойш ийнхүү 75 жил өнгөрчээ. Тус алба байгуулагдсанаасаа хойш эхний ээлжинд жижиг масштабын геологийн зураглалаар нутаг дэвсгэрийг бүрхэх, ашигт малтмалын ирээдүй бүхий талбайд дунд болон том масштабын зураглал хийх ажлуудыг гүйцэтгэсээр ирсэн байна. Үүний үр дүнд одоогийн байдлаар Монгол орны нутаг дэвсгэрийн 99.9 хувьд дунд, 31.1 хувьд том  масштабын геологийн зураглал, ерөнхий  эрлийн ажил хийж байна. 

Салбарын 75 жилийн ойг тохиолдуулж, Ашигт малтмалын нөөц тайлагнах Олон улсын стандартын хороо”-ны /CRIRSCO/ ээлжит уулзалт, Монгол улс гишүүнээр элсэхтэй холбогдсон хэлэлцүүлэг, баярын хурал, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, “Улаанбаатар-Хонхор-Саранхад-Цэцээ гүний оргил” чиглэлд явган аялал зохион байгуулах ажээ. 

Салбарын өнөөгийн байдлын талаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогыг хэлтсийн дарга Б.Баатарцогтоос тодрууллаа.

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд геологийн хичнээн орд, илрэлийг бүртгэсэн бэ. Түүнээс улсын эрдэнэсийн санд эрдэс баялгийн хэдий хэмжээний нөөц бүртгэгдсэн байдаг вэ?

-Геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтлыг тодруулсаны  дүнд  80 гаруй төрлийн 1200 орчим орд, 8100 орчим илрэл, геофизик, геохимийн олон мянган гажил, эрдэсжсэн цэгүүдийг тогтоосон. Энэ оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын эрдэнэсийн санд 2783.65 тонн алт, 277 мянган тонн мөнгө, 85.9 сая тонн зэс, 1172.5 мянган тонн молибден, 1403.8 сая тонн төмрийн хүдэр, 25,3 тэрбум тонн нүүрсийг улсын нөөцөд бүртгэсэн. Геологи, хайгуулын ажилд гадаад, дотоод, хувийн болон төрийн хөрөнгө оруулалтаар 2011 онд нийт 332 тэрбум төгрөг, 2012 онд 331.1 тэрбум төгрөг, 2013 онд 167.5 тэрбум төгрөг зарцуулаад байна. 

-Геологийн төв лаборатори өнөөгийн байдлаар ямар судалгаа, шинжилгээг хийж байна вэ?

-Геологийн төв лаборатори хими, физик аргын цацраг идэвхит материалын лаборатори, эрдэс чулуу судлал, технологи туршилтын, аргачлал хяналт, хэмжил зүйн тасаг, өнгөт чулууны цех гэх зэрэг лабораторитой үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь АНУ, Герман, Япон, Английн орчин үеийн техник технологиор тоноглогдсон. Мөн эрдэс чулуулагт хими, спектр, минералоги, петрографи, минераграфи, физик-механик, цөмийн физик, ашигт малтмалын хүдрийн баяжуулах, технологийн туршилтыг хийдэг эрдсийн түүхий эдийн чиглэлээр экспорт, импортын бүтээгдэхүүнд экспертиз шинжилгээ хийх олон улсын итгэмжлэгдсэн анхны геологийн лаборатори болон хөгжсөн гэж хэлж болно.

Монголын үйлдвэрлэлийн геологичдийн холбооны ерөнхийлөгч Ч.Энх-Амгалан:

-Энэ салбарт Монголын геологийн холбоо, Үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, Өрөмдлөгийн холбоо, Геофизикчдийн холбоо ажилладаг. Манай холбоо бол геологичдийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Одоогийн байдлаар 5000 орчим идэвхтэй геологичид бүртгэлтэй байна. Мөн 1800 орчим боловсон хүчин МУИС, ШУТИС, Дарханы ТИС-ийн салбар, Газарчин дээд сургуульд  бэлтгэгдэж байна. Геологийн салбар одоогоор хүнд байдалтай байна. 2010 оноос хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосноор мэргэжлийн геологичид олноор ажилгүй болсноос гадна бусад туслан гүйцэтгэх ажил доголдсон. Тиймээс ойрын хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлэхийг салбарынхан хүлээж байгаа.

У.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж