Хятадын Ерөнхий сайд Москвад

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Хятадын Ерөнхий сайд Москвад

 

Хятадын Ерөнхий сайд Ли Кэцян ОХУ-тай хамтын ажиллагааны  яриа, хэлцэл хийхээр өчигдөр /Х.12/ Москва хотноо айлчилжээ. Ли Тэрээр гурван өдрийн айлчлалынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир, Ерөнхий сайд Дмитрий Медведев нартай уулзах аж.  Ли Кэцяний айлчлалын талаар Хятадын Гадаад хэргийн дэд сайд Чен Гуопин “Хоёр орны хамтын ажиллагаанд маш том үйл явдал” хэмээн тодорхойлжээ. Ли Кэцяний айлчлалын үеэр ОХУ болон Хятадын хооронд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, 50 орчим гэрээ хэлцэл байгуулах гэнэ. ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Моргуловын мэдээлснээр Москва  Бээжинтэй цөмийн эрчим хүч, байгалийн хий, банк, санхүүгийн салбарт гэрээ хэлцэл байгуулахаар хэлэлцэж байгаа аж.

 

Ли Кэцян Хятадын Ерөнхий сайдын хувиар ОХУ-д айлчилж буй анхны тохиодол  юм. Мөн энэ нь түүний Европт хийх долоо хоногийн хугацаатай айлчлалын нэг хэсэг аж. ОХУ-д айлчлахаас өмнө Ли Кэцян Германд канцлер Ангела Меркельтэй уулзжээ. Харин Москвагаас ирэх долоо хоногт Милан хотноо болох чуулга уулзалтыг зорих аж.

 

Германы канцлер Ангела Меркель нь Украины хямралыг шийдвэрлэх хэлэлцээрийн Европын холбоо дахь чухал төлөөлөгч билээ.  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гаригт /Х.11/ Украины хилээс цэргээ татахыг тушааж, Миланд болох Ази-Европын чуулга уулзалтын үеэр Киевийн Ерөнхийлөгч Пётр Порошенкотой уулзаж, ярилцахаа мэдэгджээ.

 

Хятадын Ерөнхий сайдын айлчлал ОХУ  Украины хямралаас үүдэн хүйтэн дайнаас хойшхи хамгийн өргөн хүрээг хамарсан хориг арга хэмжээтэй тулгараад буй үед тохиосон нь анхаарал татаж байна. ОХУ, Хятад нь хүйтэн дайны үед бага зэрэг дайсагнасан харилцаатай байсныг эс тооцвол олон улс дахь АНУ-ын ноёрхолын эсрэг нэгдмэл байр суурьтай явж ирсэн билээ. Тус хоёр орон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн аливаа асуудал, шийдвэрт ямагт нэгнээ дэмжсэн байр суурь баримталдаг. Түүнчлэн эрчим хүчний эрэлт ихтэй Хятадын хувьд ОХУ-аас байгалийн хий импортлох сонирхол их. Харин Москвагийн зүгээс хурдацтай хөгжиж буй Азийн зах зээлд хөл тавих арга замыг эрэлхийлж буй. Хоёр орон өнгөрсөн тавдугаар сард 30 жилийн хугацаатай 400 тэрбум ам.долларын өртөгтэй, жилд 38 тэрбум куб.метр байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан билээ.

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж