Конвенцид нэгдэн орох тухай төслүүдийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Конвенцид нэгдэн орох тухай төслүүдийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх  Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц болон Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай төслийг   Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.13 / өргөн барилаа.

Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенци нь хөлөг онгоц, түүний ачаа, бусад эд хөрөнгийг аврах зорилгоор аврах ажиллагааг явуулах гэрээ байгуулах бүрэн эрхийг хөлөг онгоцны ахмад эсвэл хөлөг онгоцны эзэн, зэзэмшигчид олгох асуудлыг хянан үзэж, аврах ажиллагааны гэрээ байгуулах эрхийг тэдэнд олгох асуудлыг анх удаа зохицуулсан байна. Тус конвенцийн зорилго нь аврах ажиллагааны гэрээ байгуулах бүрэн эрхийг хязгаарласан үндэсний хууль тогтоомжид тусгасан тодорхой хэмжээний хязгаарлалттай холбогдон тэдгээр гэрээг байгуулахад үүсдэг саад бэрхшээлийг арилгах, үүний үр дүнд аюул осолд өртсөн хөлөг онгоц, хүмүүс, эд хөрөнгийг аврах ажиллагааг тухайн цаг мөчид нь цаг алдалгүй явуулахыг хөхиүлэн дэмжих, аврагчдын нөхцөл байдлыг сайжруулах нэгдсэн дүрэм тогтооход чиглэгдсэн байна. Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр (далайн гэж нэрлэдэг) чуулган 2006 оны 2 дугаар сарын 7-ноос 23-ны хооронд чуулж, далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийн тухай конвенцийг хүлээн зөвшөөрч баталсан.

Энэхүү конвенцийн зорилго нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын хэд хэдэн конвенци болон зөвлөмжүүдэд агуулагдаж байсан далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийг тогтоосон шинэ стандартуудыг олон улсын нэг гэрээнд нэгтгэж зохицуулахад чиглэгджээ.Тус конвенци нь далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1920 оноос хойш баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын 37 гэрээ, конвенцид агуулагдаж буй далайчдын хөдөлмөрлөх нөхцлийн хэм хэмжээг нэгтгэн сайжруулж дахин боловсруулсан баримт бичиг юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж