ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн барив

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Н.Номтойбаяр болон Л.Энх-Амгалан нарын гишүүд "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай"  хуулийн төсөл өргөн барив.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, олон мянган аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдож байгаатай холбогдуулан Улсын Их Хурлаас “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр батлан гаргасан билээ. Эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахад, баялаг бүтээгчдэд бодитой дэмжлэг үзүүлэх, нийгмийн дундаж давхарга буюу хувийн хэвшилд хувийн жингээрээ дийлэнх хувийг эзэлж байдаг жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын татварын ачааллыг бууруулах, түүнийг тайлагнах журмыг хөнгөвчлөх, бизнесийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх, далд эдийн засгийг бууруулах чиглэлээр татварын холбогдох хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүллээ гэсэн юм.

Энэ нь бизнес хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэн хувийн хэвшлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзжээ. 2012 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуйн нэгж нийт 78748 байна.

1.5 тэрбумын борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нийт борлуулалтын орлогын 13-15 хувийг эзэлж байдаг гэсэн судалгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Н.Номтойбаяр болон Л.Энх-Амгалан нарын гишүүдийн өргөн барьсан "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай"  хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Хуулинд энэ өөрчлөлтийг оруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын ил тод нээлттэй байдал хангагдах, татварын байгууллагын ачаалал, захиргааны зардал багасах, төр бизнесийн байгууллагуудын харилцан итгэлцлийг бий болгож, шат дамжлагыг багасгах зэрэг олон давуу тал бий болно хэмээн танилцуулсан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж