Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.13 / өргөн барилаа.
Баялгийн санг байгуулах үндсэн зорилго нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн өгөөжийг өнөө болон ирээдүй үед тэгш хүртээх, энэхүү хуримтлуулж буй мөнгө хөрөнгийг байнга өсөн арвижих сан болгон хойч үедээ өвлүүлэх, гадаад зах зээлийн мөчлөгөөс хамаарсан уул уурхайн орлогын хэлбэлзлийн төсөвт үзүүлэх нөлөөллийг бууруулах зэргээр орлогын хувиарлалт, мөнгөний бодлого, төсвийн бодлого, макро эдийн засгийн хэрэгсэл болгон ашиглах, макро эдийн засгийн менежментийн ухаалаг тогтолцоо бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Хуулийн нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томъёоны тодорхойлолт, сангийн хөрөнгийн удирдлагын зарчим болон түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгажээ. Энэ хуулиар Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагатай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн удирдлага, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар, Хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаанд энэ хууль хамаарахгүй байхаар тусгасан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.