Н.Адъяабат, Б.Суманчулуун нараас допинг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Н.Адъяабат, Б.Суманчулуун нараас допинг илэрчээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, Үндэсний их баяр наадамд тав давж, шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн хоёроос нь допингийн төрлийн бодис илэрсэн тухай мэдээллийг танилцууллаа.

Баруун гар талаас МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Цогтбаатар.

Баруун гар талаас хоёр дахь нь /Саарал дээлтэй/ Н.Адъяабат, тав дахь нь Б.Суманчулуун. /2014.07.12/


Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярыг тавын даваанд өвдөг шороодуулсан, Архангай аймгийн харьяат, шинээр улсын начин цолны болзол хангасан Н.Адъяабат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давсан Говь-Алтай аймгийн харьяат, шинээр улсын начин цолны болзол хангасан Б.Суманчулуун нараас допингийн төрлийн бодис илэрснийг МҮБХ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Үндэсний их баяр наадмын хууль, Үндэсний бөхийн барилдааны журмын дагуу наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг бөгөөд шинжилгээний дээжийг хоёр шилэнд савлаж, эхлээд "А" сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг юм. Эл шинжилгээгээр буюу дээрх хоёр бөхийн "А" сорьцоос хориотой эмийн жагсаалтад багтах бодис илэрчээ.

Энэ тухай Допингийн эсрэг төвөөс 2014 оны наймдугаар сарын 22-ны өдөр МҮБХ-нд албан ёсоор мэдэгдэж, үүний дараа хоёр бөхийн хүсэлтийн дагуу "B" сорьцыг БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид дахин шинжлүүлэхэд "А" сорьцын шинжилгээний хариутай ижил хариу гарсан байна. Дахин нягтлуулсан "В" сорьцын хариу есдүгээр сарын 08-ны өдөр ирснийг Допингийн эсрэг төвийн Гүйцэтгэх захирал Г.Сүхбат есдүгээр сарын 09-ний өдөр МҮБХ болон Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд албан бичгээр мэдэгджээ.

Допингийн шинжилгээний хариуны талаар дээрх бөхчүүд "Гэмтэлтэй байсан учир эм ууж байсан" гэсэн тайлбар өгч байгаа бөгөөд МҮБХ-ны удирдлагуудад дээрх бөхчүүд нэг нь наадмын өмнө хөлөн дээр хатиг гарсныг эмчлүүлсэн гэж ярьсан бол нөгөө нь гарандаа бэртэл авч, наадмын өмнө эмчилгээ хийлгэсэн, бага зэргийн мэс ажилбар хийлгэсэн" хэмээн мэдэгджээ.

Одоо дээрх бөхчүүдэд ямар хариуцлага тооцохыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, шийдвэрлэнэ.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны журам ёсоор бол допингийн төрлийн эм, бодис хэрэглэсэн бөхчүүдийн тухайн жилийн наадмаар хүртсэн цол, чимгийг хураах юм уу, хоёр хүртэлх жил барилдах эрхийг нь хасах зэргээр хариуцлага тооцдог билээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж