УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ. Ингэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонссон байна. Монгол Улсын 2015 төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбоотойгоор татвар нэмэгдүүлэх тухай асуудал яригдах болсон юм. Үүнтэй холбоотойгоор бүлгийн гишүүд Сангийн яам болоод нийслэлийг сонсох нь зүйтэй гэж үзжээ. Мөн 2015 оны төсвийн хуулийг энэ хэвээр баталсан нөхцөлд иргэдийн нуруун дээр татварын дарамт учрах бол төслийг эргүүлэн татсан ч болохгүй зүйлгүй хэмээн үзсэн байна.
Ерөнхий сайдын хийсэн хоёр дахь мэдээлэл нь Засгийн газрын бүрэлдэхүүний тухай аж. Эл асуудлыг маргааш УИХ-ын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр хуваарьт оруулсан учраас яаралтай төслийг УИХ-д мэдүүлэхийг үүрэг болгожээ. Ингэхдээ ажил алдагдахгүй, бодлого алдагдахгүй байх, салбараа мэддэг, УИХ-ын босгыг давах зөв боловсон хүчин оруулж ирэх шаардлагатай тухай сануулсан байна. Эцэст нь, бүлгийн гишүүд сайд нарыг томилохдоо Үндсэн хууль болоод УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуулийн дагуу асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн байр сууриндаа дахин нэгджээ.
Дээрх мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Засгийн газарт шинээр томилогдох гишүүдийг УИХ-ын гаднаас тавих ёстой гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна уу?
-Одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гаднаас, дотроос аль алинаас нь ч томилох эрх нээлттэй.
-2015 оны улсын төсөв маш хязгаарлагдмал гэж хотынхон үзэж байна. Дээрээс нь авто машины татвар зэрэг маш олон татвар нэмэгдүүлсэн учраас буцаах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна. Бүрэлдэхүүнийг томилсны дараа төсвийг буцааж байгаад дахин өргөн барих байх гэж Төсвийн байнгын хорооны дарга хэлж байсан. Тийм шаардлага байна уу?
–Хотын дарга Э.Бат-Үүлийн бухимдлыг бид ойлгож байна. Бүлгийн гишүүд энэ асуудлаар нээлттэй ярилцсан. Бид нийслэлийг шахаж байгаа юм биш. Үүнийг зөвхөн нэг талаас нь харах шаардлагагүй. Дахин хэлэхэд хоёр талыг бид сонсоно. Сонссоны дараа хамгийн зөв шийдлийг гаргаж чадна гэж үзэж байна. Тиймээс олон нийтийн санаа бодлыг үймүүлэх хэмжээнд аваачих шаардлагагүй. Татварын бодлогыг орон нутагт шилжүүлэх нь төсвийн төвлөрөлийг сааруулах ач холбогдолтой. Хүн ам авто тээврийн ачааллыг дийлэхгүйгээс болоод олон асуудал бий болсон. Тиймээс нийслэлийн төвлөрлийг сааруулах, эдийн засгийн бүрэн чадамжтай хот болгох бодлого дутагдаж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Хот өөрсдөө татвартай болох саналыг олон удаа УИХ-д тавьж байсан. Ард иргэдээ татварын дарамтанд оруулж, нийслэлээ хавчих тухай бодлого байхгүй.
-Орон нутагт татварын эрхийг шилжүүлнэ гэдэг нь тухайн орон нутгийн удирдлагуудад татвар тогтоох эрхийг олгоно гэсэн үг үү?
-Орон нутагт татварын эрх шилжүүлнэ гэдэг нь тухайн бүс нутгийнхаа эдийн засгийн нөхцөл байдалд уялдуулан орон нутгийн удирдлагууд тогтооно гэсэн үг. Харин орон нутагт энэ эрхийг шилжүүлэх нь буруу гэж үзэх юм бол хуулийн төслийг татан авч болно. Харин энэ хуулийг баталснаар татварын орлогын ачаалал нэмэгдсэн зүйл байхгүй.
-Төсөвтэй холбоотойгоор нэгдсэн байр суурь илэрхийлэх үү? Энэ долоо хоногт хэлэлцэнэ гэсэн үг үү?
-2015 оны төсвийг хэлэлцэж эхлээгүй байгаагүй учраас нэгдсэн байр суурь илэрхийлэх боломжгүй.Төсвийн асууудлаар бүлгийн хурлаараа ярьж, ажлын хэсэг байгуулна. Энэ үед тодорхой мэдээлэл өгөх боломжтой болно.
Г.ДАРЬ