АНУ-д эбола халдсан анхны тохиолдол гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

АНУ-д эбола халдсан анхны тохиолдол гарчээ

 

АНУ-ын Техас мужийн Даллас хотын эрүүл мэндийн төвийн эмэгтэй сувилагч эбола вирусын халдвар авсан нь илэрчээ. Тэрээр эбола вирусын халдвараар нас барсан 42 настай Томас Эрик Данканыг эмчлэх багт ажиллаж байсан аж. Одоогоор сувилагч хэрхэн эбола вирусын халдвар авсан нь тодорхойгүй байгаа юм. Тэрээр өнгөрсөн баасан гаригт /Х.10/ халуурч өвдсөний дараа шинжилгээ өгсөн нь эбола вирусын халдвар гэж гарчээ. Даллас хотын цагдаагийн газраас сувилагчийн гэрийг бүслэн хүмүүсийг дотогш оруулахгүй байгаа гэнэ. Мөн түүнтэй ойр харилцаатай байсан нэг хүнийг хөл хорьжээ.

 

Либери улсаас гаралтай Томас Эрик Данкан АНУ-д эбола вирусын халдвараар нас барсан анхны хүн болсон юм. Тэрээр эгчтэйгээ уулзахаар өнгөрсөн есдүгээр сарын 20-нд Либери улсад очоод, АНУ-д эргэж ирснийхээ дараа эбола вирусын халдвараар өвчилсөн нь тогтоогдсон билээ. Томас Эрик Данкан өнгөрсөн лхагва гаригт /Х.8/ нас барсан юм. Техас мужийн эрүүл мэндийн албаныхан Томас Эрик Данкантай шууд харилцсан 50 орчим хүнийг хорионд оруулаад байгаа аж.

 

Эбола вирусээр өвчлөгсдийг эмчлэгч эмч, эмнэлгийн ажилчид халдвар авах тохиолдол их байгаа юм. Одоогийн байдлаар өвчний голомт Баруун Африкт ажиллаж буй 370 гаруй эмнэлгийн ажилтан эбола вирусын халдвар авснаас зарим нь нас барсан байна. Түүнчлэн Испанийн Мадрид хотын эрүүл мэндийн төвийн сувилагч Ромера Европ эбола вирусын халдвар авсан анхны хүн болсон билээ. Тэрээр эболагаар нас барсан хоёр Испани номлогчийг эмчлэх багийн гишүүн байсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж