Буланд шахагдсан хэрэглэгчийн байгууллага

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Буланд шахагдсан хэрэглэгчийн байгууллага

-О.Магнай ШӨХТГ-ын эсрэг шийдвэр удаа дараа гаргасан шүүгчдийг нэрлэв-

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын дарга О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэрэглэгч хааны төлөө гэсэн уриатай уг газрыг жинхэнэ утгаар нь ажиллуулж эхэлсэн гэх үнэлгээг олон нийтийн зүгээс хүртээд амжсан О.Магнай дарга мухардалд орж, буланд шахагдаа юу даа гэмээр мэдэгдлийг энэ удаа хийж байна. Учир нь тус байгууллагаас хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн газруудад илгээсэн албан шаардлагыг үгүйсгэх, биелүүлэхгүй булзах, эвсэж нэгдэн шүүхэд хандах, шүүгч нар зохион байгуулалттайгаар хэрэглэгчийн байгууллагыг буруутгасан шийдвэрийг удаа дараа гаргах болсон байна.  Хамгийн тод жишээнд тэрбээр арилжааны банкуудыг нэрлэж байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 13 банк харилцагчдадаа зээл олгохдоо, олгосон зээлийн  нэг хүртэлх хувийг шимтгэл болгон суутгаж байгаа нь шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна гэж үзсэн учир ШӨХТГ-аас банкуудад шимтгэл авахаа зогсоох тухай албан шаардлага хүргүүлсэн юм. Гэвч арилжааны банкууд /Кредит банкаас бусад нь/ тус байгууллагын албан шаардлагыг эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа ажээ. Шүүх хурал нөгөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр болно. Гэвч хэрэглэгчийн байгууллагын зүгээс уг хурлаас нааштай шийдвэр гарна гэдэгт эргэлзэж байгаа учраас шүүх хурлын өмнө мэдээлэл хийхэд хүрсэн бололтой. Учир нь шат шатны шүүхийн шүүгч нар урьд нь хэд хэдэн асуудал дээр ШӨХТГ-ын эсрэг шийдвэр гаргаж, хэрэглэгчдийн эрх ашгийг үл хүндэтгэж байгаа гэж тус байгууллагын дарга хатуу сануулав. Ингэхдээ шүүгч нарын нэрсийг олон нийтэд зарлаад амжсан юм. Түүний хэлснээр:

Өнгөрсөн хугацаанд шүүгч нар есөн удаа ШӨХТГ-ын эсрэг шийдвэр гаргав. Энэ нь манай байгууллагын цаана хэрэглэгч, олон нийтийн эсрэг шийдвэр гаргасан хэрэг юм. Нэг биш, хоёр биш есийн есөн асуудалд шударга бус хандаж байгаа шүүгч нарыг нэрлэхээс аргагүйд хүрч байна. Анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Батзориг, Адъяасүрэн, давж заалдах шатны шүүхийн шүүгч Тунгалагсайхан, Зоригтбаатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиунбаяр, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүгч Зандраа, Сумъяа, Атарцэцэг,Батсүрэн,  Тунгалаг, Мөнхтуяа, Цэцгээ нарын шүүгч нар удаа дараа зохион байгуулалттайгаар ШӨХТГ-ын эсрэг, мөнгө төгрөгтэй аж нэгж, компаниудын талд  шийдвэр гаргасан.

-Та эдгээр шүүгч нарыг мөнгө, төгрөгтэй компаниудын талд шийдвэр гаргахдаа авлига авсан гэж үзэж байгаа юм уу. Энэ талаар шүүгчийн асуудлаар ёс зүйн хороонд нь хандсан уу?

-Шүүгчдийг авлига авсан гэж хэлээгүй. Гэхдээ тэд ёс зүйн алдаа гаргасан. Тиймээс шүүгчийн ёсзүйн хороонд хоёр удаа хандсан. Хуульзүйн үндэсний төв, Шүүхийн  Ерөнхий зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн шүүгчийн ёсзүйн хороо нь урьдын адил нэг нь нөгөөгөө хамгаалаад үлддэг бүтэц юм байна. Тиймээс шүүгчдийн ёс зүйгүй үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэхээс аргагүйд хүрлээ хэмээн О.Магнай мэдэгдлээ.

ШӨХТГ-ын арилжааны 13 банкинд тавьж буй шаардлагад үнэний хувь бас бий. Зээл олголт  болгоноос авч буй шимтгэлийн хэмжээг нэгтгэн гаргавал чамгүй өндөр тоо гарна. Тэрхүү шимтгэлийг арилжааны банкууд үйл ажиллагааны зардал буюу зээл олгоход гаргасан зардлаа нөхөхөд хэрэглэдэг хэмээн тайлбарлаж байгаа ч зээл олгохын тулд банкууд зардал гаргахаасаа илүүтэй харилцагч, зээл хүсэгч нар зардлыг даадаг нь нууц биш. Зээлийн барьцаа хөрөнгийг үзэх, үнэлэхийн тулд зээл хүсэгч унаагаараа үйлчилж, зээлийн эдийн засагч нарыг зулгуйлан үдийн цай, хоол, гарын бэлгээр урамшуулдаг нь ч бий. Нөгөөтэйгүүр О.Магнайн тайлбарлаж байгаачлан “Нэг тэрбум төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжээс нэг хувийн  шимтгэл авахад 10 сая төгрөг болно. Зээлийн хэмжээ хоёр тэрбум болоход шимтгэлийн хэмжээ ч мөн 20 сая болон өснө. Энэ хоёр зээлийг судлахад эрс ялгаатай байхгүй шүү дээ” хэмээн өгүүлж байгааг ч бодолцохоос аргагүй юм.

Хэрэглэгч олныг мэл гайхаж, цэл хөхрүүлээд байгаа бас нэгэн асуудал бол нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлэл юм. Тус газраас томоохон аж ахуйн нэгжүүд хүнс үйлдвэрлэхдээ хэрэглэж буй хүнсний будагч бодисоос хортой бодис илэрсэн гэх мэдээлэл юм. Ингэхдээ үйлдвэрлэгчдийн нэрийг хэлэхээс татгалзсан нь хүмүүсийг “Хортой бодисоор хооллож байгаа чинь үнэн. Гэхдээ хэн үйлдвэрлэснийг өөрсдөө мэд” гэж тохуурхаснаас ялгаагүй зүйл болсон юм. Энэ дагуу хэрэглэгч олноос гомдол санал ирж, энэ дагуу ШӨХТГ хортой хүнс үйлдвэрлэгчдийг олон нийтэд зарлах шаардлагыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-т хүргүүлжээ. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ёс зүйн алдаа гаргаж, ташаа мэдээлэл олон нийтэд түгээсэн” гэсэн хариуг ШӨХТГ-т ирүүлжээ.

Энэ мэтчилэн хэрэглэгчийн байгууллагын албан шаардлага, шийдвэрийг үл тоомсорлогчид олширч байгаа нь хэрэглэгчдийн эрх ашиг гэгчийг мартахад хүргэж байгаа юм. ШӨХТГ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1 124 450 000 /нэг тэрбум 124 сая 450 мянган/ төгрөгийн хохирлыг барагдуулж, 1659 байгууллага, аж ахуйн нэгжид албан бичиг явуулсан байна. Аж ахуйн нэгж байгууллагад ногдуулсан торгуулийн хэмжээг бууруулж, хяналт шалгалтын тоог ч цөөрүүлсээр байгаа хэдий ч монополь гэж нэрлэж бодохуйц томоохон байгууллагууд хатуу чихтэй хэвээр байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж