Хонгконгийн цагдаа нар хашлагыг хураав

Хуучирсан мэдээ: 2014.10.13-нд нийтлэгдсэн

Хонгконгийн цагдаа нар хашлагыг хураав

 

Хонгконгийн цагдаа нар өнөөдөр /Х.13/ жагсагчдын авчирч байрлуулсан төмөр хашлагуудыг хураан, гудамж, автозам, талбайг чөлөөлжээ. Гэхдээ цагдаа нар ардчилалын төлөөх жагсаалыг тараах зорилгоор биш гудамж, автозам, талбайг чөлөөлөхийн тулд хашлагуудыг хураасан гэж мэдэгдлээ. Харин оюутнуудын зүгээс “Ерөнхийлөн захирагч Люн Чун Инийг огцруулахын төлөөх жагсаалд бэлдэн цагдаа нарыг байршуулж байна” хэмээн хардаж байгаа аж.  Одоогоор Хонгконгийн захиргааны байрны ойролцоо цагдаа нар болон олон тооны жагсагч оюутнууд өөдөөсөө тулсан байдалтай байгааг “Reuters” агентлагт мэдээлжээ.

 

Хонгконгчууд өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардан эсэргүүцлийн жагсаал хийж буй юм. Түүнчлэн Бээжингийн заавраар ажилладаг Ерөнхийлөн захирагч Люн Чун Инийг огцрохыг шаардаж байна. Люн Чун Ин Хонгконгийн жагсагчдад хандан Бээжингийн эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард гаргасан шийдвэрээ өөрчлөх боломж байхгүй гэдгийг анхааруулжээ. Хятад улс ирэх 2017 оны Хонгконгийн захирагчийн сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд шалгуулах ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Харин Хонгконгчууд удирдлагаа бие даан сонгохыг хүсч, Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж байна.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж