Хуучирсан мэдээ: 2014.10.12-нд нийтлэгдсэн

-Гуравдугаар шатны эмнэлгийн эсч нарыг “олдсон” дээр нь биеэ үзүүлэх, зөвлөгөө авах гэсэн хүмүүс Чингисийн талбайг зорин иржээ-

Өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Чингисийн талбайн өмнөд хэсэг эмнэлэг болон хувирчээ. Учир нь хоёр өдөр “Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болж байгаа юм. Улсын клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гээд нийслэлд байрлах бүхий л эмнэлгүүд хоёр өдрийн турш Чингисийн талбайд түр байрлан иргэдэд үйлчилж байна. Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхөөс гадна чих, хамар, хоолой, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн үзлэг хийж, артерийн даралт үзэж байлаа.

Эмчийн үзлэг хоёр өдрийн турш дараалал ихтэй байгаа бөгөөд иргэд шууд зорьж очоод үзүүлэх боломжгүй гурав дахь шатны эмнэлэг буюу клиникийн эмнэлгийн эмч нарын үзлэг илүү их дараалалтай байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ханиад, хоолойн өвчлөл их байгаа болохоор чих, хамар, хоолойн эмчид үзүүлэхээр илүү олон хүн дараалан зогссон байна. Тэдний дотор дунд, ахмад насныхан олон харагдана. Зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөс гадна нарийн үзлэгт орох шаардлагатай иргэдэд эмчид үзүүүлэх бичиг хийж өгч байлаа.

Өдгөөд өвдсөн хүн эмнэлэг зорьдог гэсэн ойлголт хуучирч, өвдөхөөсөө өмнө эмчээс зөвлөгөө авдаг болсныг эмч нар бас сайшаан хэлж байлаа. Ялангуяа өндөр настнуудын хувьд зөвлөгөө авах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь нэмэгджээ. Тэдний нэг Сүхбаатар дүүргийн иргэн Н.Цэнд гуай хэлэхдээ “Хүний төлөө төрсөн биш, ганц хүүдээ дараа болоод яахав гэж боддог юм, эмээ нь. Тиймээс хорооныхоо өрхийн эмнэлгээр бол байнга үйлчлүүлдэг. Энэ удаа харин гуравдугаар эмнэлгийн эм нарт үзүүллээ. Гуравдугаар шатны эмнэлэг бол хүссэн бүхэн очоод үзүүлчих боломжгүй байдаг болохоор зориуд зорьж ирж үзүүллээ. Та эрүүл байна гэсэн сайхан үг сонсоод баяртай байна” хэмээн өгүүлсэн юм. Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар гурван төрлийн үзлэг хийж байгаа бөгөөд өчигдөр нийтдээ 400 орчим иргэдийг үзлэгт хамруулжээ. Харин өнөөдөр 152 хүн үзүүлсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд залуучууд голдуу цуглуулсан байлаа. Учир нь тэд бэлгийн замын халдьарт өвчин болоод түүнээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байсан юм. Тэд халдварт өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч, танилдцуулгын хамт бэлгэвч тараалаа.

Хавдар судлалын төвийн эмч нарын хувьд танилцуулгаа видео хуурцагт буулгасан байлаа. Телевизээр явж буй танилцуулгаас гадна хавдар өвчний үзлэг, урьдчилан сэргийлэх аргыг иргэдэд танилцуулж байлаа. Харин Сэтгэцийн эрүүл мэндийн төвийнхөн өвөрмөц нэгэн танилцуулга дэлгэжээ. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн гар урлалын зүйлсийг дэлгэсэн байв. Нэхмэл, хатгамал, сүлжмэл малгай, ороолт зэрэг эдлэлээс гадна гадна,  шүр хэлхэн урласан сандлын бүрээс, салфетканы гэр, чихрийн сав нүднээ тусна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэгсдийн хувьд ийн ур үйл мэтгэх нь эрүүлжиж, бие нь сайжрахад ч чухал нөлөөтэй байдаг гэнэ.

Сүүлийн үед олон хүний тэр дундаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг таргалалтыг талаарх танилцуулга цөөнгүй хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд жмн, өндөр хэмжиж, тухайн хүний байх ёстой жин болоод илүүдэл жинг тогтоож, хэрхэн яаж жин хасах талаар зөвлөгөө өгч байсан нь шинэлэг бөгөөд хэрэгтэй зүйл санагдсан юм. Таргалалтыг саяхан болтол өвчинд тооцдоггүй байсан. Тэгвэл таргалалт нь бие махбодийн бодисын солилцооны үйл ажиллагааг алдагдуулж байдаг өвчин ажээ. Энэ өвчинд эмэгтэйчүүд зонхилон өртдөг ч сүүлийн үед эрчүүд, хүүхдүүд хүртэл өртөх болжээ. Их идэх, буруу хооллох, хөдөлгөөний хомсдолоос үүдсэн энэхүү өвчинд өртөхгүйн тулд ямар дасгалыг хэрхэн хийх талаарх эмчийн зөвлөгөө сонирхолтой байсан юм.

Ийнхүү гадаа жихүүн ч Чингисийн талбай хөл ихтэй, эмч нар хоёр өдрийн турш завгүй өнжлөө.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж