УИХ-ын дарга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.11-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.10.11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Тэрээр жилд хоёр удаа мод тарьдаг бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд бүх нийтээр мод тарих энэ өдрийн арга хэмжээг нээж үг хэлсэн юм.

Тэрээр бүх нийтээр мод тарих өдрийн 10 дахь удаагийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олонд талархал илэрхийлээд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2010 онд Бүх нийтээр мод тарих өдөртэй болсноос хойш улсын хэмжээнд 34 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага, 800 мянга гаруй  иргэн эх орноо гэсэн чин сэтгэлээр 7 сая ширхэг мод тариад байна.

Манай орны нийт газар нутгийн дөнгөж  8.3%-ийг ойн сан эзэлдэг, ойн нөөцөөр хомс улсын нэг юм. Тиймээс бүх нийтээрээ ойжуулах, мод тарих ажлыг өргөн далайцтай илүү үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ залуу хойч үедээ мод тарьж хэвших зөв сэтгэлгээг зүрх сэтгэлд нь ургуулах ажлыг ч мартаж болохгүй юм.

Модоо тариад орхих бус, тарьснаасаа хойш 3-5 жил сайтар арчлан хамгаалах нь хамгаас чухал байдаг. Иймд ард иргэддээ тарьсан модоо жил бүр арчлан хамгаалж ургуулахыг уриалж байна.

Улсын Их Хурал 2013 онд Ойн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  ойг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх, ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх асуудлыг улам боловсронгуй болгон төр, иргэн, хувийн хэвшил хоорондын уялдааг сайжруулж, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж өгсөн.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн өмчлөлийн болон эзэмшил  газартаа мод тарьж, түүнийгээ өмчлөх, шаардлагатай газруудыг ойжуулсан тохиолдолд түүнийг нь улс худалдан авах, ойжуулалтад хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн импортыг татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдээд байна.

Цаашид Улсын Их Хурал нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзэж, ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэн батална" гээд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр, Монгол орныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ойжуулж, Дэлхийн дулаарлын эсрэг ариун үйлсэд хувь нэмэр оруулахаар орон даяар энэ хөдөлгөөнд сэтгэл зүрхээрээ нэгдэн ажиллаж байгаа нийт иргэд, байгууллагад талархал илэрхийлэв.

Бүх нийтээр мод тарих энэ өдрийн арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд оролцож, нийт 200 гаруй мод суулгав.

Мөн мод тарих арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн Боловсролын газрын ажилтнууд оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж