Гаалийн хуулийг буцаав

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Гаалийн хуулийг буцаав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.05 цагт 55.3 хувийн ирцтэйгээр эхэлж,  долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч гурвыг нь хэлэлцлээ. Ингэхдээ Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна гэсэн тайлбарыг Сангийн сайд хэлсэн учраас төслийн хэлэлцүүлгийг зогсоов.

Мөн Гаалийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч гишүүдийн 50 гаруй хувийн саналаар “Төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэнээр төрхөмд нь буцаалаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн нь энэ өдрийн гол ажил байлаа.

Энгийн зөвшөөрлийг хугацаагүй олгоно

Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулагч нь Засгийн газар. Төсөлд зөвшөөрлийг дотор нь Онцгой, Тусгай, Энгийн гэж гурав ангилсан байна. Онцгой зөвшөөрлийг Засгийн газар, сайдын төвшинд, тусгай зөвшөөрлийг яамны эрх бүхий албан тушаалтан, энгийн зөвшөөрлийг орон нутаг олгоно. Зөвшөөрлийн хугацаа мөн өөр. Онцгой зөвшөөрлийн хугацаа 10 жил хүртэл бол, тусгай зөвшөөрлийн хугацаа 15 жил, энгийн зөвшөөрлийг хугацаагүй байхаар заажээ. Хүчингүй болгох тохиолдолд иргэний эрх чадамжгүй байсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг нь батлагдвал зөвшөөрлийг хүчингүй болгоно. Бусад тохиолдлоор хүчингүй болгохыг хориглоно.

Зөвшөөрлийн сунгах харилцааг өргөдөл хүлээн авснаас хойш 10 хоногийн хугацаанд шийднэ. Хэрвээ энгийн ба тусгай зөвшөөрөлд албан тушаалтан заасан хугацаандаа хариу өгөөгүй бол сунгасанд тооцогдох юм байна.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хэлэлцүүлгийг зогсоов

Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах үүднээс УИХ-аас 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан юм. Ингэснээр Зээлийн батлан даалтын сангаас энэ оны эхний хагас жилийн урьдчилсан байдлаар нийт 169 иргэн, аж ахуйн нэгжийн 26.4 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна. Гэвч энэ нь 50 хүтэл ажиллагсадтай нийт 36800 аж ахуйн нэгжийн дөнгөж 0.45 хувийг хамарч байгаа аж. Иймээс уг сангийн удирдлагын бүтэц, засаглалыг сайжруулах чиглэлээр сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд банкны төлөөллийн оролцоог хангах, банкны үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хуульд зааснаар зөвхөн Засгийн газар үүсгэн байгуулагч гэж хязгаарлахгүйгээр тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн эх үүсвэртэй аймаг, нийслэлийн төсвөөс зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор хөрөнгө хуваарилж болох зохицуулалт хийх үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон нь энэ аж.

Гэвч хэлэлцүүлгийн шатанд төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэнтэй холбоотойгоор сөрөг үр дагавар олон гарч байгааг сануулж, эцэст нь Сангийн сайд төслийг Засгийн газраар дахин хэлэлцүүлэх шаардлага тулгарлаа гэснээр төслийн хэлэлцүүлгийг УИХ зогсоож, үдээс өмнөх хуралдаанаа өндөрлүүлсэн юм.

Гаалийн тухай хуулийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч санал хураалтад оролцсон гишүүдийн 50 гаруй хувь нь “Төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэж үзлээ.

Уг хуульд өөрчлөлт оруулах болсон гол шалтгаан нь,  бүтээн байгуулалт, зээл тусламж, хөрөнгө оруулалтад саад болж буй асуудлыг шийдэх зорилготой байлаа. Үүнд, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдэд хүндрэл бэрхшээл үүсдэг бөгөөд “Гаалийн тухай” хуулийн 97.1-р заалтад “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа нь барааг тухайн горимд байршуулсан өдрөөс хойш газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах талаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулагдсан бараа болон иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоцны хувьд 3.6 жил хүртэл, бусад барааны хувьд 1 жилээс дээшгүй байна” гэж заасан байдаг аж. Гэтэл захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжих хугацаа нь авто замын барилгын төслүүдэд 2-3 жил байгаа бөгөөд гэрээнд зааснаар баталгаат засварын хугацаа нь нэг жил байгааг тооцож үзвэл замын барилгын ажлын гүйцэтгэгч нь дор хаяж 3 жилийн хугацаанд машин механизм, тоног төхөөрөмжийг Монгол Улсад байршуулах шаардлагатай боловч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу 2-3 жил  хэрэгжих төсөл, арга хэмжээнд 2-3 удаа оруулж, гаргахаар болж буй гэнэ. Түүнчлэн замын барилгын ажилд зөөвөрлөхөд хялбар өөрөө явагч машин, техникээс гадна суурин тоног төхөөрөмжүүд нэлээд байдаг. Тухайлбал, чулуу бутлуур, бетон зуурмагийн үйлдвэр, асфальт үйлдвэрийг (Жишээ нь: Асфальт заводыг талбай дээр хамгийн багадаа 1.5-2 сарын хугацаанд угсарч суурилуулдаг) барилгын талбай дээр суурилуулж бүрэн тохируулга хийсний дараа хилээр гаргах, дахин оруулж угсрахад зардал гарч хугацаа алдахын зэрэгцээ барилгын ажил зогсч, удаарширснаас зээл, тусламжийн хөрөнгө төлөвлөсөн хугацаандаа ашиглагдахгүй сөрөг үр дагавар гарч байгаа аж. Энэ нь Гүйцэтгэгч болон Захиалагчийн зардлыг өсгөж, улмаар гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж, барилгын ажил хугацаандаа хийгдэхгүй болж гэрээний дагуу Захиалагчаас Гүйцэтгэгчид торгуульд төлөх зэрэг  хүндрэлүүдийг үүсгэдэг байна.

Замын барилгын ажилд шаардлагатай гэрээнд заасан техник, тоног төхөөрөмжийг Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулж, хуулийн 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн дагуу барааг оруулахад барьцаа болгосон тухайн барааны үнийн дүнгийн 15.5 хувьтай тэнцэх дүнг төлдөг. Нэг бүр нь ойролцоогоор 100.0 мянган ам долларын үнэтэй нийт 100 ш техник, тоног төхөөрөмжийг оруулахад 1.5 сая ам.долларыг гаалийн барьцаанд төлнө. Тоног төхөөрөмжийг хилээр оруулах тээвэрлэлтийн болон бусад зардлуудыг тооцож үзэхэд Гүйцэтгэгчийн ажлын талбайг хилийн боомтоос 100 км-т гэж авч үзвэл 1 ширхэг тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардал 2.5 сая төгрөг, бусад зардал 500 000 төгрөг, нийт 3.0 сая төгрөг болно. Ажлын талбай дээр 100 машин механизмыг ашиглана гэж тооцвол 300.0-600.0 сая төгрөгийг зарцуулна. 1 ширхэг машин механизмыг хилээр оруулж гаргахад 2 хоног, гаалийн бүрдүүлэлт хийхэд 4 хоног, 100-200 ширхэг машин, механизмыг 10 ширхэг автотейлерээр 100 км-т зөөнө гэж тооцоход 60-120 хоног зарцуулах тооцоо гарч байгаа юм. Эдгээр нь эргээд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр, олон улсын хэмжээнд  тогтсон жишгийн дагуу хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийн хувьд ихээхэн хүндрэлийг үзүүлж, зээл, тусламжийн үр ашиг, эдийн засгийн үнэлэмжийг бууруулж буй юм байна.

Гэвч гишүүд Гаалийн хуулинд буй уг асуудлыг УИХ-д оруулан шийдэх биш Засгийн газар өөрөө шийддэг байх нь зүйтэй. Ийм байдлаар өөрчлөлт оруулж ирвэл дэмжинэ” гэснээр төслийг төрхөмд нь буцаах шийдвэр гаргасан юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж