Ардын жүжигчин Ц.Батчулуунд туслацгаая

Хуучирсан мэдээ: 2014.10.10-нд нийтлэгдсэн

Ардын жүжигчин Ц.Батчулуунд туслацгаая

“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны гадаад улсад элэг шилжүүлэх эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” аян өрнөж байна.

Ц.Батчулууны амь нас хутганы ирэн дээр дэнсэлж, элэг солиулах зардлын 250-300 сая төгрөгийг олох гэсэн нөхөд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Эмч нар түүнд яаралтай нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн онош тавьсан юм. Харамсалтай нь элэгний өвчлөл манай улсад үнэхээр үндэсний эмгэнэл болоод байгаа. Түүнчлэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улсад хийдэггүй юм. Иймээс ардын жүжигчин Ц.Батчулуун элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэх шаардлагатай бөгөөд энэ нь 250-300 сая төгрөгний өртөгтэй аж.

МУГЖ Г.Эрдэнэбат, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа тэргүүтэй хүмүүс “Эгшгэн өргөл” нэртэй хандивын аян зохион байгуулжээ.

Аяны хүрээнд энэ сарын 20, 21, 22-ний өдрүүдэд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд “Эгшгэн өргөл” хандивын тоглолт зохион байгуулагдах юм.

Түүнчлэн албан байгууллага хувь хүмүүсийн хандивыг Ц.Батчулууны ХААН банкин дахь 5031089680 тоот дансанд хүлээн авч байна. Мөн түүний эмчилгээний зардалд зориулан валютын дансанд мөнгө шилжүүлэх бол Ц.Батчулууны Худалдаа хөгжлийн банкин дахь 404187482 данс руу илгээнэ үү.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж